Өнгөрсөн аравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, тус тогтоолын дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны төгсгөл гэхэд 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүрэгтэй юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон бөгөөд тэрбээр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Үүнд, “Миний хувьд Эрдэнэс тавантолгойн компани дээр бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос хойш хоёр долоо хоног болж байна. Эрдэнэс таван толгой нээлттэй ил болох ёстой. Энэ дагуу манай мэдээллийн сайт дээр уурхайгаас ачигдаж байгаа нүүрсний хэмжээ болон ямар компани худалдан авч, тээвэрлэж, олборлож байгаа бүх зүйл гарч ирнэ. Мөн гэрээний мэдээллүүд бий. Иймд нээлттэй танилцах боломжтой. Өнөөдрөөс эхлэн бүх зүйлсээ цахимаар мэдээллэн, ил тод болж байна.
Офтек гэрээний асуудлыг нэлээд сонирхож байх шиг байна. Офтек гэрээ гэдэг нь үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах гэрээг хэлдэг. Одоогоор ЭТТ ХК-д дөрвөн офтек гэрээ бий. Эдгээрийг дурдвал,
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл
- Богд хаан төмөр замын төсөл
- Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл
- Газрын тос дамжуулах хоолой барих төсөл
Нүүрсээ худалдан борлуулах нөхцөлтэйгөөр урьдчилж мөнгийг нь аваад дээр дурдсан дөрвөн төслийг санхүүжүүлж байгаа гэсэн үг. Энэ хүрээнд Засгийн газрын шийдвэр гарч, дээр дурдсан төслүүдэд офтек гэрээ хэрэгжиж байгаа. Гэхдээ тухайн дөрвөн гэрээний хоёр нь ЭТТ ХК-ийн албан ёсны цахим сайт дээр ороогүй. Үүний нэг нь маш нууц, нөгөөх нь нууцын зэрэглэлтэй” гэв.