УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.11.03/ хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх С.Ганбямбыг ЗХЖШ-ын даргаар томилох саналыг зөвшилцөхөөр УИХ-д оруулж ирсэн бөгөөд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Тухайлбал, УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: -Цэргийн алба хааж байгаад амиа алдсан хүмүүсийн асуудлыг Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар хэлэлцээд Зэвсэгт хүчний жанжин штабт чиглэл хүргүүлсэн. Өмнөх удирдлага нь энэ чиглэлийн дагуу маш сайн ажилласан. Цаашид цэргийнхэн амь насаа алдахгүй байх чиглэлд та ямар ажил хийх вэ?
-НЭР ДЭВШИГЧ С.ГАНБЯМБА:- Хугацаат цэргийн алба хаагчид эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах тохиолдол гарсан. Хүний эрхийн дэд хорооноос ирүүлсэн чиглэлийн дагуу ажиллаж байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний жанжин штабт гомдол, мэдээлэл авдаг тусгай утас ажиллуулж байгаа. Хүүхэд залууст цэрэг, эх оронч үзэл ойлголттой болгох хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын түвшинд хэрэгжүүлнэ. Тодруулбал, Батлан хамгаалах яам, Боловсролын, шинжлэх ухааны яам хамтран сургалт сурталчилгаа хийнэ. Зэвсэгт хүчний жанжин штаб өөрийн анги салбар, алба хаагчдаа энэ үйл ажиллагаанэд оролцуулна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН: - Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд цэргүүд сайн оролцсон. Цаашид ийм бүтээн байгуулалтын ажилд цэргүүдийг оролцуулах уу. Мөн цэргийн хангамжийн асуудал хэр байгаа вэ. Төсөв нь хоол унд гэх мэт хангамжид хүрч байгаа юу.
НЭР ДЭВШИГЧ С.ГАНБЯМБА: -Зэвсэгт хүчин стратегийн чухал ач холбогдолтой том төслүүдэд оролцож байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон. Энэ жил Зүүнбаян-Ханги чиглэлийн замын ажилд оролцож байна. Цаашид зэвсэгт хүчний барилгын ангийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулна гэсэн бодолтой байгаа. Төр засгаас үүрэг чиглэл өгсөн тохиолдолд татгалзах зүйлгүй, боломжтой. Цэргийн алба хаагчийн хоол хүнс болон хувцасны хангамжийн хувьд хүнд байна. Сүүлийн жилүүдэд төсвийг батлахдаа хоолны мөнгийг танаж байгаа. Ялангуяа 2022 онд тодотгол хийхдээ хоёр удаа хассан. 2023 онд гэхэд хүнсний зардал 21 хувь, хувцасны зардал 50 хувиар хасагдсан. Хэрэгцээт зардлын дөнгөж 7-10 хувь нь л хангагдаж байна. Цаашид Засгийн газар, гишүүдтэйгээ хамтран алба хаагчдынхаа нийгмийн хамгаалал, хангалтын асуудлыг сайжруулна.
ЕТГ-ЫН ДАРГА Я.СОДБААТАР: -Төрийн хэмнэлтийн тухай хуулиар урсгал зардлууд бүгд хасагдаж байна. Ганц Зэвсэгт хүчний жанжин штабын зардал ч танагдаж байгаа юм биш.
Ингээд С.Ганбямбыг ЗХЖШ-ын даргаар томилох саналыг зөвшилцөөд нууц санал хураалт явуулан дүнг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бичгээр мэдэгдэхээр тохиров.
ҮЗЭХ: