Ерөнхий сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг байгуулахдаа бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг Швейцарийн прокуророос шалгаад хэргийг нь цагаатгасан байна. Энэ талаар тэрбээр мэдээлэл хийж, шалгагдан хаагдсан хэргүүдээ Нийслэлийн прокурорт хүлээлгэн өглөө.
LIVE:
-ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААНД ШАЛГАГДАХДАА 500 ГАРУЙ ХОНОГ ШОРОНД СУУСАН-
Тэрбээр энэ үеэр "Оюутолгойн гэрээтэй холбогдуулан надад Эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Тодорхой улс төрчдийн оролцоотойгоор 2016 оноос Швейцарьт мөн шалгуулсан. Зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан. Харин Швейцарь нь эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд манай улстай мөн Хонг Конг, Австралийн хууль хүчний байгууллагуудтай хамтарч энэ хэргийг шалгасан юм. 2022 оны зургадугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын нийслэлийн прокурорын газраас надад тулгаж үүсгэсэн байсан хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Үүнтэй адил Швейцарийн хууль хүчний байгууллагаас "Авлигал авсан. Мэргэжлийн аргаар мөнгө угаасан" гэх хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгосон гэдгийг тус улсын прокуророос миний өмгөөлөгчөөр дамжуулан өнгөрсөн наймдугаар сарын 24-ны өдөр надад ирүүлсэн.
Хаагдсан хэргийн материалаа прокурорт чимээгүй өгөхөөр төлөвлөж байсан. Гэтэл сүүлийн үед зохион байгуулалттайгаар уг хэргийг гаргаж байна. Тиймээс үүнийг зориуд хэвлэл мэдээллийн ажилтнуудын өмнө Нийслэлийн ерөнхий прокурорын газрын тамгын газарт гардуулж өгч байна" гэлээ.
-БИ ЦААШИД ХҮНИЙ ЭРХ, ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ ТОГТОЛЦООНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛАНА-
Мөн "2016 онд хэрэг үүсгэхдээ "Оюутолгойн гэрээг байгуулахдаа бусдын талд ашигтайгаар байгуулсан. Авлигал авч мөнгө угаасан. Үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэж буруутган шалгасан. 2018 онд тодорхой хугацаанд хоригдож бүх шатны шүүхээр ороод дахин мөрдөн байцаалтад буцаагдсан. Тухайн үед "Нотолж чадахгүй бол цагаатга" гэдэг хууль байгаагүй учраас нэмэлт мөрдөн байцаалт хийгээд хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй адил Швейцарьт шалгаж эхлээд Монголын 2-3 бизнесмэнээс мэдүүлэг хүртэл авсан. Тэд өргөн хэмжээний мөрдөн шалгах ажиллагааг зургаан жилийн турш явуулсан юм билээ. Ингээд буруугүй гэдэг нь нотлогдож цагаатгагдсанд их баяртай байна. Хүн биш хууль засаглахгүй болсон гэдгийг Монголын хууль хүчний байгууллагууд харуулж байгаад мөн баяртай байна. Зургаан жилийн хугацаанд 500 гаруй хоног шоронд суусан. Би улс төрд 30 гаруй жил ажиллахдаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, нийгмийн асуудлууд мөн төсөв эдийн засгийн мөнгөний бодлогод их анхаардаг байсан. Ер нь 32 жилийн хугацаанд Монгол улсад амжилт, өөрчлөлт ИХ гарч байгаа. Гэхдээ Үндсэн хуулийнхаа нэг салбарыг төлөвшүүлж чадаагүй юм байна. Хууль биш хүн засагладаг, хараат байсан юм байна. Би цаашид хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллах зорилттой байна. Ковидын дараа эдийн засаг сэргээгүй. Сахилга хариуцлагатай байж, хөдөлмөрлөж байж ард нь гарна. Одоо Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт Монгол улсын төсөвт хамгийн нөлөөтэй төсөл болсон гэдгийг хүн бүр ойлгож байгаа байх. Би хууль зөрчсөн нэг ч үйлдэл хийгээгүй. Ил тод, баримттай гэдгийг бардам хэлье" гэлээ.