Кью Эс Си компанийн захирал Э.Шижир: Хувийн хэвшлийн үйл ажиллагааг тогтвортой байлгах нь л ТӨРИЙН ГОЛ ҮҮРЭГ

Кью Эс Си компанийн захирал Э.Шижир: Хувийн хэвшлийн үйл ажиллагааг тогтвортой байлгах нь л ТӨРИЙН ГОЛ ҮҮРЭГ

Концессын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж, "Уул уурхай, металлургийн цогцолбор" төслийг хэрэгжүүлж яваа Кью Эс Си ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижиртэй  ярилцлаа. Засгийн газар 2014 онд  тогтоол гаргаж  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг тус компанид 30 жилийн хугацаатай эзэмшүүлж байв. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард компанийн үйл ажиллагааг зогсоон, үйлдвэрийг улсад авах асуудлыг хөндөж эхэлсэн юм. Бидний ярилцлага энэ сэдвээр өрнөлөө.

-Танай компанийн хэрэгжүүлж байсан “Уул уурхай металлургийн цогцолбор төслийг Засгийн газраас шийдвэр гаргаж зогсоогоод багагүй хугацаа өнгөрчихлөө. Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар томилогдсоныхоо дараахан “Монголын төр иргэн, аж ахуйн нэгжийг дор хаяж арван жилээр тооцоогоо хийж, томоохон хөрөнгө оруулалт хийх нөхцөл боломжоор хангаж чадахгүй яваа. Энэ бол бидний гол алдаа. Төрд бүх зүйлийг төвлөрүүлэхийг огт эрмэлзэхгүй. Төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн дангаараа хөрөнгө оруулах нөхцөл, гадаадын томоохон хөрөнгө оруулагч орж ирж ажиллах орчны хувьд гээд аль ч тохиолдолд урт хугацаанд тогтвортой ажиллах суурийг  тавьсан шийдлийг Засгийн газар гаргах ёстой” гэсэн мэдэгдэл хийсэн. Товчхондоо төр бизнест оролцох нь буруу гэдгийг олж харсан утгатай мэдэгдэл хийлээ. Танайх шиг байдалд орсон олон төслийн хувь заяа нааштайгаар эргэж магадгүй санагдсан. Танай компанийн зүгээс үүсээд байгаа асуудлынхаа хүрээнд холбогдох байгууллагуудад албан ёсоор хандсан уу?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн байр суурийг сонссон. Зөв зүйтэй мэдэгдэл хийлээ гэж харсан. “Аливаа хөрөнгө оруулалтын хувьд бидний дөрөв, таван жилийн төлөвлөгөө, улстөрийн циклд захирагдаж хийдэггүй гэдгийг л ойлгох ёстой. Хамгийн багадаа арван жилээр тооцож чаддаг болох ёстой. Оксфордын эрдэмтэд, хөндлөнгийн судлаачдын хамтарсан жишиг Монгол хүний судалгаагаар жишиг Монгол хүн амьдралаа уртдаа таван жилээр төлөвлөх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Хамгийн боломжтой, том бизнес эрхэлж яваа хүмүүс нь таван жилээр амьдралаа төлөвлөх боломжтой гэсэн үг. Гэтэл энгийн дундаж Монгол иргэн амьдралаа ганцхан жилээр төлөвлөж чадах уу үгүй юу гэсэн нөхцөл дунд л амьдарч байна. Төрийн бодлого тогтворгүй, Засгийн газар ойрхон солигддог гэх мэт шалтгаанаас болоод ийм нөхцөл үүсчихсэн. Төр энэ алдаагаа засах ёстой” гэсэн үг нь анхаарал татсан. Засгийн газар ийм бодлого барьж ажиллана гэдгийг ЗГХЭГ-ын дарга нь зарласанд олзуурхаж байгаа. Бидний хувьд үүсээд буй асуудлаараа холбогдох байгууллагад хандчихсан яваа.

-Гол асуудлыг хөндөхөөс өмнө сонирхох нэг зүйл байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг танай компанид хэзээ, хэрхэн эзэмшүүлсэн талаар товч тайлбар хэлэх үү?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг анх 1990 онд байгуулах шийдвэр гарсан түүхтэй. 1993 онд хайлалтаа эхэлж, жилийн 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэгдэж байсан юм билээ. Гэвч эхний арван жилдээ хүчин чадлынхаа 10 хувьд ч хүрч ажиллаж чадаагүй. Түүний дараагийн 10 жилд ч ялгаагүй алаг цоог байсан. Дээд талдаа хүчин чадлынхаа 70 хувьд хүрсэн тохиолдол бий. Гол шалтгаан нь ерөөсөө л санхүүгийн хүндрэл бэрхшээл.

Ингээд 2008, 2009 оны үед Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр "Уул уурхай, металлургийн цогцолбор" төсөл хэрэгжүүлэхээр болж, Төрийн өмчийн хорооноос хөрөнгө оруулагч шалгаруулах ажил эхэлсэн юм. Шалгаруулалтад БНХАУ, Солонгос, Энэтхэг, Австрали улсын компаниуд оролцсон. Манайх тэр дунд ганц Монгол компани нь байсан л даа. Сонгон шалгаруулалтанд бид ялсан. Бидний анзаарснаар шинэ гангийн үйлдвэрийн хувьцааг эзэмшихгүй, үндэсний аж ахуйн нэгж гэдгээрээ манай санал бусад гадаадын компаниас сайн үнэлэгдсэн гэж ойлгож байгаа. Ингэж л манай компани Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбогдсон түүхтэй.

Тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн орлого 50 орчим тэрбум төгрөг,  2-3 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг, улсад мөн ийм хэмжээний татвар төлдөг байсан. Өөрөөр хэлбэл олсон орлогоороо технологийн шинэчлэл хийх боломжгүй тийм л компани байсан гэсэн үг.

-Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл гэдгийг тайлбарлаад өгөөч. Үйлдвэр дээр цоо шинэ төсөл хэрэгжүүлэхээр болсон гэсэн үг үү?

-Энэ төсөл маань үндсэн хоёр зорилготой. Том зорилго нь Монголчууд өөрсдөө ган үйлдвэрлэдэг болох. Нөгөө зорилго нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрийн гэсэн орд газруудтай. Тэр ордуудаа  ашиглахад  хөрөнгө оруулалт хийж эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй байсан. Ингээд манай компани 2010 онд Төрийн өмчийн хороогоор баталгаажсан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан юм.

-Концессын гэрээ сүүлд байгуулагдсан байх нь ээ?

-Тэгсэн. Эхлээд бид 2010 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад ажлаа эхлүүлсэн. Мэдээж энэ том төсөл рүү орохын тулд бүх төрлийн судалгаа хийсэн. Уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмуудыг худалдаж авах, баяжуулах үйлдвэр барихаас эхлээд  эрчим хүчний төслүүдийг ч хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үед төр засгийн хэмжээнд төрийн өмчит компаниудын хувьчлал яригдаж, УИХ-аар хувьчлах компаниудын жагсаалт батлагдсан. Тэр жагсаалтад Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьчлагдахаар багтаасан байдаг. Энэ үеэр Концессын тухай хууль ч мөн батлагдсан байдаг. Бид үйлдвэрт хөрөнгө оруулалтын гэрээгээр 70 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн байсан. Тухайн үеийн төрийн холбогдох байгууллагуудын зүгээс биднийг ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг харгалзаж үзээд "Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ер нь хувьчлахгүй. Үйлдвэрийн хөрөнгө оруулагч нь өөрөө сонгон шалгаруулалтаар шалгарсан юм байна. 70 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн хэрэгжиж яваа төсөл байна. Энэ компанид нь концессын гэрээгээр даалгаад явах хэлбэрээр асуудлыг шийдье" гэж үзсэн л дээ. Ингээд Засгийн газрын тогтоолоор Эдийн засгийн хөгжлийн яамтай концессын гэрээ байгуулж байлаа. Ингэснээр манай компани төрийн эзэмшиж байгаа өмчлөгчийнх нь эрхийг 30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх эрхийг авсан гэсэн үг.

-Энэ талаар олон нийтийн дунд янз бүрийн хардлага явдаг. Танай компанийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчлаад авчихсан гэсэн хардлага хүчтэй дуулддаг. Хувьчилж аваагүй, төрийн эзэмшиж байгаа өмчлөлийнх нь эрхийг гучин жилийн хугацаанд хэрэгжүүлэх эрхийг л авсан юм байна тийм үү?

-Хуулийн дагуу болсон процесс л энэ шүү дээ. Бодит байдал ийм байхад манай компанийг бүрэн хувьчлаад авчихсан гэж буруу зөрүү ярьдаг. Дахиад хэлье, энэ бол хувьчлал биш. 30 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж удирдлага зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалт хийх ажил авсан, түүнийгээ 30 жилийн дараа улсад үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн л хэрэг.

-Бас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэ төлбөргүй авчихсан гэх шүүмжлэл дуулддаг. Энэ тал дээр тайлбар хэлээч?

-Ямар ч үнэ төлбөргүй авчихсан гэдэг шүүмжлэл бол буруу ойлголт. Концессын гэрээн дээр концессын эрхийн төлбөрийг тусгасан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр улсад хамгийн өндөр өгч байсан үеийн /ихэнхдээ өгч байгаагүй/ ногдол ашгийн хэмжээг 30 жилд үржүүлээд улсад төлөхөөр тусгасан заалт бий. Нийт төлбөр нь 63.8 тэрбум төгрөг байдаг. Гэрээ байгуулагдангуут 50 хувийг, үлдсэнийг нь үе шаттайгаар төлнө гэж заасан. Манай компани үүргээ биелүүлсэн. 17 жилтэй тэнцэх 34.4 тэрбум төгрөг буюу 18 сая ам.долларын төлбөрийг улсын төсөвт зөвхөн эрхийн төлбөрт төлсөн. Мэдээж цаашаа хууль журам, гэрээнийхээ дагуу төлөгдөөд явах ёстой байсан. Энэ концессын гэрээ нь бидний хувьд маш том үүрэг даалгавар авсан гэрээ. Ашигтай байх, үгүй нь мэдээж тодорхой бус. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ, 30 жилийн хугацаанд ашиг гаргаж чадах эсэх нь компаниас өөрөөс нь л хамаарна. Заасан хугацаа дуусахад улсад үнэ төлбөргүй буцааж өгөх ёстой.

-Төслийн явц хэрхэн үргэлжилсэн бэ. Нэлээд олон том ажил хийгдэж байсан гэж дуулддаг. Үе, үе манай төр засгийнхан очоод  "Удахгүй Монгол Улс гангаа өөрсдөө үйлдвэрлэнэ" гээд олон нийтэд зарладаг байсныг тод санаж байна…?

-Концессын гэрээ байгуулагдсанаас хойш Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулна гэсэн зорилгын хүрээнд 20 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Бидний гол зорилго маш тодорхой. Газар доорх  төмрийн хүдрийг эцсийн ган бүтээгдэхүүн болгох процессийг л хийх гээд байгаа юм. Төмрийн орд газруудыг эргэлтэд оруулах, эхний шатны хуурай баяжуулах үйлдвэр, дараагийн шатны нойтон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт гэх мэтээр үргэлжлээд явсан. Эдгээр шат дамжлагууд бүгд дэд бүтцийн төслүүд. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 600 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Мөн түүнд шаардлагатай санхүүжилтийн зардал гэхэд 200 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргачихсан явж байгаа.

Нэг зүйлийг онцлоход Концессын гэрээн дээр шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барина гэж тусгасан. Тэгээд гангийн үйлдвэрлэлийг жилийн 300 мянган тоннд хүргэнэ гэсэн зорилт тавьсан юм. Гэвч хүндрэлтэй зүйл гарсан. Хамгийн томоохон нь шаардлагатай цахилгааны эх үүсвэр байхгүй. Шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэнэ гэдэг нь ган үйлдвэрлэх технологийн олон сонголтуудын нэг байсан. Тиймээс бид шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн туршилт судалгааг 1.3 сая еврогийн зардалтайгаар Финляндын Outotec компаниар хийлгэсэн. Төлөвлөсөн ёсоор бол 2017 оны хавар баригдаж эхлэх ёстой байсан. Энэ үйлдвэрийн дараагийн шат дамжлага нь цахилгаан эрчим хүчийг ашиглаж ган хайлуулах цахилгаан нуман зуухны процесс явагдах ёстой. Тухайн үед манай төсөлтэй зэрэгцээд цахилгаан станцын дөрөв, таван төслүүд хэрэгжихээр болж байсан юм. Бидний үйлдвэрийн ажил ч түүнтэй уялдаж байсан. Гэвч төр засаг солигдож  станцууд барих төслүүд зогсчихсон. Одоо ч зогссон хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл цахилгааны асуудлаа шийдэх боломжгүй эрсдэлтэй нүүр тулчихсан гэсэн үг. Эдийн засагт нөлөө бүхий томоохон төслүүд хоорондоо уялдаатай л байх ёстой.

-Хүнд үйлдвэрийн хувьд эрчим хүчний дутагдал гэдэг бол маш том эрсдэл. Цахилгааны хэрэглээнээс болоод шийдвэрээ өөрчлөх шаардлагатай нүүр тулжээ дээ…?

-Төслөө эргэж харах шаардлагатай нүүр тулсан л даа. Эрчим хүчний их хэрэглээ шаардсан замаар цаашаа явах боломжгүй гэдгийг ойлгосон. Энэ замаар явах ТЭЗҮ нь Канадын Хатч компаниар 2017 онд хийгдэж дууссан байдаг. Шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх замаар явбал эрчим хүчний хэрэглээ 180 мВт  болох байсан юм. Гэтэл одоогийн манай улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний хэрэглээ шүү дээ. Шинээр хийж боловсруулсан “Монгол ган цогцолбор I” домэйн зуухны технологид суурилж хийгдсэн ТЭЗҮ-ээр цахилгаан эрчим хүчний хэрэглээг 70 мВт болгож бууруулсан. Энэ асуудлаа Оросуудтай яриад импортоор авч хэрэглэж болох юм байна гэдэг тооцоолол гарсан.

Эрчим хүчний хэрэглээ ингээд багасчихаар коксын үйлдвэр нэмж байгуулах шаардлагатай болсон. Гол хайлуулах процессоо коксоор шатаана гэсэн үг. Ихэнх гангийн үйлдвэрүүд ингэж явдаг. Мөн дээр нь хорголжийн үйлдвэр хэрэгтэй, залгаад төмөрлөгийн үйлдвэр гээд явна. Цаашлаад гангийн үйлдвэр,  араас нь цувималын үйлдвэр бий болох ёстой. Тодруулж хэлбэл энэ мэтээр үндсэн таван үйлдвэрийн зураг төсөл гарчихсан байгаа. Цогцолбор төсөл учраас нарийн инженерчлэлийн барилга байшин байгууламжтай холбоотой зураглалыг ганц компани хийнэ гэж байдаггүй. Нэмэлт ажил ихтэй л дээ.  Манай ажлыг зогсоогоогүй бол өдийд газар шорооны ажлууд хийгдэж явах байсан юм. Газар шорооны ажлаа эхэлнэ гээд зэхэж суутал Засгийн газар 2022 оны дөрөвдүгээр сарын  13-нд "Эд нар юу ч хийгээгүй байна, юу ч хийхгүй юм байна" гээд л шийдвэр гаргачихсан.

-Таны яриаг сонсохоор өчнөөн ажлууд хийгдчихсэн юм байна. Төсөл хэрэгжих явцын дунд төр засгаас танилцах, шалгах ажлууд хийгдсэн байдаг байх аа?

- Хяналт шалтгалтын маш олон ажлын хэсгүүд удаа дарааллан ирж ажилласан. Жишээ нь 2019 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, ТӨБЗГ, АМГТГ, төрийн бус байгууллагууд, Үндэсний хөгжлийн газар  гэх мэт газруудаас маш том ажлын хэсэг ирж хийгдсэн ажлуудтай нэр бүрчлэн танилцаж  шалгасан. Тухайн үед ажлын явц 75 хувьтай гэж дүгнэсэн. Үүгээр бид ажлын хэсгийнхэн бидний ажлыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Мөн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2020 оны намар ирж үйлдвэртэй танилцаад, "Их ажил хийсэн байна. Цаашид улам эрчимжүүлэх ёстой. Хүндрэлтэй асуудлыг төр шийдэж өгнө" гэж мэдэгдээд 2020 оны 9 сард Засгийн газрын хуралдаанаар оруулж, холбогдох яамдуудад үүрэг өгсөн удаатай. Үүний дагуу гангийн үйлдвэр барих ажил эрчимтэй урагшилж байсан юм. Уг нь бидний гэрээлэгч талын нэг нь Монгол Улсын Засгийн газар учраас хэлсэн тохирсондоо байж тогтвортой харилцаа байх ёстой.

-Засгийн газраас зогсоох шийдвэр гаргахаас өмнө та бүхнээс тайлбар аваагүй юм уу?

-Тийм алхам хийгдээгүй. Үүнд л бид маш их гайхаж байна. Яагаад өдийг хүртэл үйл ажиллагаа нь явж байсан төслийг зогсоочихов гэдэг бол маш том асуулт. Эцсийн дүндээ төсөл цаашаа хөдлөх ёстой. Гангийн үйлдвэрийн үр өгөөжийг Монголчууд олон жил ярьсан учраас энд хэлэхэд илүүц. Үйлдвэрээ цаг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд хоёр талаасаа ойлголцоод явах ёстой. Тиймээс манай компанийн зүгээс Засгийн газарт саналаа хүргүүлсэн.

-Таны ярианаас анзаарахад нэг мөрдөгчийн мэдэгдлээр Засгийн газар шийдвэр гаргачихаж гэсэн ойлголт төрсөн. Зүгээр л нэг мөрдөгчийн мэдэгдэл дүгнэлтээр бүхэл бүтэн хүнд үйлдвэрлэлийн төслийг зогсоосон гэхээр санаанд багтахгүй байна л даа…?

-Манай концессын гэрээг цуцалсан тогтоол гарахад анхаарал татсан нэг зүйл байгаа нь таны сонирхсон наад өнцөг чинь. АТГ-ын мөрдөгчийн мэдэгдэл л дээ. Гэрээ зурагдах үеийн үйл явц нь хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгаж буй нэг мөрдөгч "Энэ компани ажлаа хийгээгүй юм байна" гэж дүгнээд л Засгийн газарт мэдэгдэл хүргүүлчихсэн. Түүнийг нь үндэслээд Засгийн газар тогтоол баталсан гэх тайлбарыг өгч байгаа. Гэрээ байгуулах процессын явцад шалгалт хийж байгаа мөрдөгч ийм төрлийн процессыг сайжруулах чиглэлийн мэдэгдлийг гаргах эрх зүйн зохицуулалт бол байдаг. Гэтэл тэр мөрдөгч өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн бидний хэрэгжүүлж байсан гэрээний хэрэгжилтэд дүгнэлт өгсөн байгаа юм.  Ингээд ч зогсохгүй Засгийн газар өнөө мэдэгдэлд нь үндэслээд  шийдвэр гаргачихсан. Салбарын яам, мэргэжлийн хүмүүс нь шалгаж тогтоогдоогүй үед ийм мөрдөгчийн мэдэгдлээр концессын гэрээг цуцлах нь байж боломгүй зүйл. Зүй нь энэ асуудлыг дүгнэх газар нь мөрдөгч биш Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам зэрэг байгууллага баймаар. Гэтэл хэн нэг мөрдөгч Засгийн газар руу мэдэгдэл явуулаад л олон хүний олон жилийн хөдөлмөрийг шууд зогсоочихсон.

Бидний хийж байсан ажлыг төр засгийнхан бүгд мэдэж байгаа шүү дээ. Ерөнхий сайдаасаа эхлээд ТӨБЗГ, УУХҮЯ гээд бүгд л ирж үзэж шалгадаг байсан. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд хүртэл бүгд ирж үзсэн. "Сайн ажил явж байгаа юм байна" гээд ам сайтай байсан. Бидний ажил тийм л нээлттэй явж ирсэн.

-АТГ-аас очиж шалгаж байсан уу?

-Үүнийг л би хэлэх гээд байгаа юм. Нэгэнт ийм том төслийг шалгаж байгаа тохиолдолд аль аль талаас нь тодруулж тайлбар авч байж шийдвэр дүгнэлтээ гаргах ёстой баймаар. Мөрдөгч мэдэгдлээ бичихээс өмнө манайхаас ямар нэгэн байдлаар тайлбар мэдээлэл огт аваагүй. Мөрдөгчөөс мэдэгдэлтэй нь танилцахыг хүсэхэд татгалзсан. Сүүлд мэдэгдлийг нь олж харсан л даа. Мөрдөгчийн эрх мэдлээ хэтрүүлсэн ажиллагаа гэж харахаар юм билээ.

-Та бүхэн шүүхэд хандсан байсан. Шүүхийн процесс яаж үргэлжилж байна?

-Засгийн газрын гэрээ цуцлах тогтоол болон ТӨБЗГ-ын тогтоолыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Мөрдөгчийн мэдэгдлийн эсрэг гомдлыг прокурорт гаргалаа. Учир нь мөрдөгч өөрийнхөө шалгаж байгаа асуудлын хүрээнд биш өөр төслийн ажлыг сайн муу гээд дүгнэчихсэн. Прокурор "Мэдэгдлийг заавал биелүүлэх ёстой зүйл биш. Тиймээс үүнийг манайх хянах ёсгүй" гээд буцаачихаж байна. Гэтэл Засгийн газар мөрдөгчийн мэдэгдэл ирсэн болохоор зайлшгүй арга хэмжээ авах ёстой гэдэг тайлбар хэлээд байдаг.

Бидний зүгээс үүнийг захирамжлалын шинж чанартай бичиг баримт гэж үзээд хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд өгсөн. Хэрэг мөрдөж байгаатай холбоотой учир хүлээж авахгүй гэсэн хариу сонссон. Ингээд харахаар мөрдөгч гэж маш том эрх мэдэлтэй хүн болчихож байгаа биз. Мөрдөгчийн мэдэгдлийг хуульд нийцсэн эсэх, зөрчсөн эсэхийг хэн ч өнөөдөр хянахгүй гэсэн үг юм байна гэсэн ойлголт л төрсөн. Прокурор ч хянахгүй, захиргааны хэргийн шүүх ч хянахгүй гээд төсөөл дөө. Тэгсэн мөртлөө Засгийн газар нь түүнд үндэслээд шийдвэр гаргахаас өөр арга байхгүй гэж байгаа. Үүнд л бид гайхаж байна.

Концессын гэрээн дээр тодорхой заалтууд бий. Засгийн газар өөрөө шалгаж үзээд “Эд нар юу ч хийгээгүй байна. Цаашаа явуулах боломжгүй” гэж гэрээлэгч талтай тодорхой үндэслэлтэй дүгнэх юм бол гэрээг цуцалж болох зохицуулалт бий. Гэтэл бидний ажил үргэлжилж байсан, тэд ч олон удаа шалгаж байсан. Хэрэв шууд цуцлах шийдвэр гаргах юм бол гаргасан зардал болон ирээдүйд олох байсан ашгийг нь буцааж нөхөн олговор байдлаар олгох ёстой гэсэн байгаа.

-Засгийн газраас үйлдвэрийг зогсоогоод багагүй хугацаа өнгөрлөө. Дарханы төмөрлөгийн үйлдвэр одоо ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Хамгийн өндөр бүтээмжтэй цаг үед гангийн үйлдвэр болон хоёр уурхай зогсчихсонд харамсч байна. 1500 гаруй ажилтантай компани сул зогсолт хийж байгаа.

Бид төслийг хэрэгжүүлэхдээ үндсэн гол үйлдвэрлэл, үйлчилгээ, инженерийн нарийн мэргэжлийн хүмүүсээ ажилчид дотроос нь хөгжүүлэх дэвшүүлэх байдлаар гаргаж ирж ажиллуулж байсан. Төрийн мэдэлд шилжсэнээс хойш Кью Эс Си компанийн багийн хүмүүс гээд тэдгээр нарийн мэргэжлийн хүмүүсийг хавчих гадуурхах үзэгдэл их гарч байгаа нь харамсалтай. Одоогоор 50 орчим ажилчин ажлаасаа гараад байгаа юм билээ.

-Ажилчид дотроос нарийн мэргэжлийн хүмүүсийг гаргаж ирж байсан гэдэг онцлууштай санагдаж байна. Төсөл гэдэг зөвхөн мөнгөн хөрөнгөөр хэмжигдэхгүй. шинэ технологи нэвтрүүлэхээс эхлээд олон үнэ цэнийг бий болгодог. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Уул уурхайн ажил бол чадварлаг мэргэжлийн хүмүүс хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөөн ихтэй ажилладаг онцлогтой. Металлургийн үйлдвэр өөр байхгүй. Их сургуулиуд хүртэл энэ мэргэжлээр шинэ элсэлт авахгүй байгаа. Тийм учраас мэргэжлийн хүмүүсийг тараачих юм бол орлуулах хүн олдохгүй, буцааж цуглуулахад ч хэцүү.

-Байдал муугаар эргэлээ гэхэд хөрөнгө оруулалт, олох байсан ашиг өгөөжийг нэхэмжлэх ёстой гэж байна. Үүн дээр хэр хэмжээний хөрөнгө яригдах бол?

- Концессын гэрээ цуцлагдсанаар олгогдох ёстой нөхөн олговрыг хуулиар зохицуулсан байдаг. Үүний дагуу юу багтаж байгаа вэ гэхээр нэгдүгээрт Кью Эс Си компанийн концессын гэрээний хугацаанд удирдлагын багаас хэрэгжүүлж бий болгосон ажлын үнэ цэнэ, хоёрт нийт гарсан зардал, хохирол гуравт үлдсэн хугацаанд олох ёстой байсан ашгийн асуудал яригдаж таарна. Гэхдээ бидний зорилго энэ байгаагүй шүү дээ. Нэгэнт урт хугацаанд бүхий л хүчин чармайлт, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, эх орондоо том бүтээн байгуулалт хийе гэсэн олон залуусын хүсэл мөрөөдөл, гадны маш олон шинэ технологийг нэгтгэн нэвтрүүлж ирсэн учраас үйлдвэрээ ашиглалтад оруулахыг л хүсч байна.

Дээр хэлсэн шүү дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр өмнө  нь 50 орчим тэрбум төгрөгийн орлоготой байсан гэж. Улсад төлдөг татварынх нь хэмжээ 2-3 тэрбум төгрөг байсан. Тэгвэл сая 2021 оны орлого нь 400 орчим тэрбум төгрөг буюу найм дахин нэмэгдсэн байна. 80 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн. Одоо хэрэгжих төсөлд тусгаснаар 1900 орчим цоо шинэ ажлын байр бий болж байгаа. Манай улс импортоор 260 мянган тонн арматур авч байгаа. Бидний хувьд ийм хэмжээний арматурыг дотооддоо үйлдвэрлэдэг болъё гээд байгаа юм. Үнийн хувьд ч зах зээлээс 20-30 хувиар хямд борлуулах тооцоолол ТЭЗҮ-д тусгагдсан. Гангийн үйлдвэрийг дагаад жижиг дунд үйлдвэрүүд босох том давуу тал бий. Сэрээ халбага, хадаасаа үйлдвэрлэж чаддаггүй гэдэг үе ард үлдэнэ гэсэн үг. Эргээд нийгэм эдийн засгийн ач холбогдол өндөр төсөл юм.

-Үнэхээр нийгэм эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэдэг нь тодорхой. Нөгөө талаар гангийн үйлдвэрлэлийн цаг үе нь ч өнөөдөр эгзэгтэй байх шиг?

-Бид хугацаа алдаж байна. Асуудлаа зөв аргаар шийдмээр байна. Одоо бол эгзэгтэй цаг үе. Монгол Улс гангийн үйлдвэртэй болох уу, үгүй юу гэдгийг шийдэх цаг. Учир нь Монгол Улсын хэмжээнд хаягдал төмрийн нөөц дуусч байгаа. Гангийн үйлдвэрлэлийн мэдлэг туршлагатай хүмүүс ч хуруу дарам цөөхөн үлдсэн. Мэргэжилтэй боловсон хүчнийг үргэлжлүүлэн сургаж бэлтгэх асуудал энэ салбарт хамгийн их хөндөгддөг. Хугацаа алдах тусам шинээр оруулж ирэх  тоног төхөөрөмж үнэ өртөг өссөөр байна. Сүүлдээ гангийн үйлдвэрийн өртөг өснө, ажиллах боловсон хүчин хомсдоно. Энэ бүхнийг харгалзаад Засгийн газар нааштай шийдвэр гаргах болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Ярилцлагын эхэнд дурдсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн байр сууриар ярилцлагаа төгсгөмөөр санагдлаа. ЗГХЭГ-ын шинэ дарга албаа авсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ  аливаа хууль шийдвэрийг бүх талын субьект оролцсоны үндсэн дээр батална гэсэн утгатай үг хэлсэн. Таны ярианаас анзаарахад зүгээр л нэг мөрдөгч танай компаниас, танай компанийг шалгаж сайн үнэлгээ өгч байсан төрийн байгууллагын албан тушаалтнуудаас ямар ч мэдээлэл авахгүйгээр мэдэгдэл гаргачихаж. Тэр мэдэгдлээ  Засгийн газарт хүргүүлээд, Засгийн газар тэр мэдэгдэлд нь үндэслээд шийдвэр гаргасан юм байна. ЗГХЭГ-ын шинэ даргын өнцгөөс харвал оролцогч талуудын санал, мэдээлэл, байр суурийг авахгүйгээр гаргасан энэ мэт шийдвэрүүдийг Засгийн газар эргэж харах байх аа.

-Бидний хувьд ч тийм бодолтой л сууж байна. ЗГХЭГ-ын дарга таны сая онцолсон санааг хэлэхдээ “Тэр дундаа иргэндээ илүү их боломж олгосон хууль батлагдаж байх ёстой. Гэтэл  өнөөдөр  төр талдаа, мэргэжлийн байгууллага талдаа илүү боломжуудыг нээсэн хууль эрх зүйн орчинд бид амьдраад байна. Үүнийг засахын төлөө ажиллана” гэж онцолсон. Хэн ч байсан нэгэнт эхлүүлсэн, хөрөнгө хүчээ зарцуулж тодорхой үр дүнд хүргэсэн төслийнхөө үр дүнг үзэхийг хүсэх нь тодорхой. Монгол улсын хувьд ч манай төсөл хэрэгжээд үр дүнгээ үзвэл эдийн засгийн өндөр ач холбогдолтой.  Гангаа өөрсдөө үйлдвэрлэдэг болчихвол эдийн засагт ямар өгөөжтэйг та сайн мэдэж байгаа байх.

Ц.БААСАНСҮРЭН




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө