"Эрэл"-ийн Д.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байгаад амиа алдсан Террил Атиензагийн талаарх сэтгүүлч С.Будрагчаагийн бэлтгэсэн "Боолчлогч" нэвтрүүлгийн мөрөөр талийгаачийн ар гэрийнхэн Монголд ирж, Террил Атиензагийн амь насаа алдсан хэргийг дахин сэргээн шалгуулах хүсэлт гаргаад байгаа билээ.
Тэгвэл Террил Атиензагийн гэр бүлийнхэн өнөөдөр /2025.12.17/ талийгаачийн нас барсан газар болох "Эрэл"-ийн Д.Эрдэнэбатын гэрийн гадна очиж, ээжийнхээ, эхнэрийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, лаа асааж, эмнэлэг илэрхийлсэн байна.
ВИДЕО:
Сэтгүүлч С.Будрагчаа Террил Атиензагийн амиа алдсан хэргийн талаар "Хууль хяналтын байгууллагаас хэргийг дахин мөрдөн шалгаж, үнэн зөвийг тогтоон ажиллана гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярьсан байдаг. Харин өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн "Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд онц ноцтой хүн амины гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 25 жил хүртэл байдаг. Тэгэхээр Филиппин улсын иргэн Террил Атиенза амиа алдсан хэргийг сэргээн шалгуулах боломжтой" гэдгийг тодотгоод байгаа юм. Энэ ч утгаараа талийгаач Террил Атиензагийн том охин өнөөдөр орчуулагч болон өмгөөлөгчийн хамтаар хэргийн материалтай танилцсан байна.
Ташрамд өгүүлэхэд, Сэтгүүлч С.Будрагчаагийн “Боолчлол” нэвтрүүлгийн мөрөөр монголчууд "Нийгэмд шударга ёс тогтож, хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой" хэмээн хандивын аяныг эхлүүлж, талийгаач Террил Атиензагийн ар гэрийнхнийг Монгол авчрах зардлын мөнгийг бүрдүүлсэн байдаг.