АНУ-ын Засгийн газар өнгөрсөн баасан гарагт Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын хоёр шүүгч болох Гүржийн шүүгч Гоча Лордкипанидзе, Монголын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нарт "Израилийг хууль бусаар шүүсэн” хэрэгт холбогдуулан хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн.
Тодруулбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэвлэлийн мэдэгдэлдээ "Олон улсын эрүүгийн шүүхэд хориг арга хэмжээ авах тухай" 14203 тоот Гүйцэтгэх захирамжийн заалтуудаар хориг арга хэмжээ авч байна. Уг зарлигт Америкийн бус аливаа хүн эсвэл байгууллага нь тухайн хүний харьяалагддаг улсын зөвшөөрөлгүйгээр иргэнд мөрдөн шалгах, баривчлах, саатуулах, яллах зэрэг үйл ажиллагаа явуулдаг ОУЭШ-ийн үйл ажиллагаанд шууд оролцсон тохиолдолд шийтгэл оногдуулж болохыг тогтоосон байдаг. Эдгээр хоёр шүүгчийн үйлдэл нь уг заалтад нийцэж байгаа бөгөөд Израилийн зөвшөөрөлгүйгээр Израилийн иргэдийг мөрдөн шалгасан. Тодруулбал, 12-р сарын 15-нд Олон Улсын Эрүүгийн Шүүх Израилийн шүүхэд гаргасан хууль ёсны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг нэхэмжлэл нь 10-р сарын 7-ны халдлагын дараах үйл явдлыг харгалзан шүүхээс Израильд шинэ мэдэгдэл өгөхийг хүссэн ч давж заалдах шатанд хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү давж заалдах хүсэлтийг Гоча Лордкипанидзе, Д.Эрдэнэбалсүрэн нар хэрэгсэхгүй болгохыг дэмжсэн” гэж мэдэгджээ.
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Израиль-Газын мөргөлдөөнтэй холбогдуулан хэрэгжүүлсэн гурав дахь удаагийн хориг арга хэмжээ юм.
Тухайлбал, 2025 оны 2-р сард тус захиргаа тухайн үеийн Олон Улсын Эрүүгийн Шүүхийн ерөнхий прокурор Карим Ханд хориг тавьж байсан бол 2025 оны 6-р сард Соломи Балунги Босса (Уганда), Луз Дел Кармен Ибанез Карранза (Перу), Рейн Аделаида Софи Алапини Гансу (Бенин), Бети Холер (Словени), 2025 оны 8-р сард шүүгч Кимберли Прост (Канад), Николас Гуйлоу (Франц), дэд шүүгч Нажат Шамим Хан (Фижи), Маме Мандиайе Нианг (Сенегал) нарт хориг арга хэмжээ авч байжээ.
Энэхүү хориг арга хэмжээг авснаар ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн болон түүний гэр бүлийн гишүүдийг АНУ-д нэвтрэхийг хориглох бөгөөд АНУ дахь аливаа хөрөнгийг хаах юм.
Харин хориг арга хэмжээг Олон улсын эрүүгийн шүүхэд оролцогч улсуудын Ассамблейн Тэргүүлэгчид шүүмжилж, "Ромын дүрэмд бүрэн нийцүүлэн шүүхийн бие даасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь Шүүх болон түүний ажилтнуудад саад учруулах оролдлого" гэж тодорхойлоод байна. Энэхүү Оролцогч Улсуудын Ассамблей нь Олон Улсын Эрүүгийн Шүүхийн удирдах байгууллага бөгөөд Ромын дүрэмд оролцогч улсуудын төлөөлөгчдийг нэгтгэдэг билээ. Түүнчлэн АНУ-ын Израилийн эсрэг Олон Улсын Эрүүгийн Шүүхийн эсрэг ногдуулсан хориг арга хэмжээг “Human Rights Watch” байгууллага нь "шударга ёсыг эрсдэлд оруулж байна" гэж тодорхойлсон байна.