Мах экспортлох зориулалттай “эрүүл бүс” байгуулна

Мах экспортлох зориулалттай “эрүүл бүс” байгуулна

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн бүтэц, улсын тусгай хэрэгцээний газарт түшиглэн махны экспортын зориулалттай, эрүүл орчин бүхий бүс байгуулах талаар хэллээ.

Тодруулбал, Хөдөө аж ахуйн “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа нь 2016 онд байгуулагдсан. Байгаль орчинд ээлтэй, экспортын баримжаатай мал аж ахуйн болон газар тариалангийн эрчимжсэн аж ахуй, үйлдвэр байгуулах, дэд бүтэц,  аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

Хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтуудын нэг нь махны экспорт. Цаашид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцсэн махыг олон улсад экспортолдог болоход анхаарах учиртай. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн бүтэц, улсын тусгай хэрэгцээний газарт түшиглэн махны экспортын зориулалттай, эрүүл орчин бүхий бүс байгуулна гэдгийг сайд Х.Болорчулуун хэлсэн юм.

Энэ бодлого чиглэлд тус байгууллагын үүрэг оролцоо маш чухал. Тиймээс хорио цээрийн дэглэм бүхий “эрүүл бүс” бий болгоход шаардлагатай судалгааг Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран хийж, ойрын хугацаанд танилцуулахыг мөн үүрэг болголоо.