МСНЭ: Ж.Соронзонг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж сэтгүүлчдийн эрхэнд халдсан үйлдэлдээ уучлал гуйхын шаардаж байна

МСНЭ: Ж.Соронзонг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж сэтгүүлчдийн эрхэнд халдсан үйлдэлдээ уучлал гуйхын шаардаж байна

Өнөөдөр /2022.09.06/ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, МСНЭ-ийн хамтын харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Ууганбаяр, Сэтгүүл С.Бүдрагчаа нар оролцов.

Есдүгээр сарын 1-ны өдөр Nuuts.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа болон зарим сэтгүүчид үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл авахаар Орос гуравдугаар сургууль дээр очоод цагдаа нар болон тус сургуулийн багш нарт зодуулж, техник хэрэгслээ булаалгасан хэрэг гарсан. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, камерын бичлэгийг хүргүүлжээ. Энэ хугацаанд сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнхэн болон сэтгүүлч С.Будрагчаа мэдээлэл өгөлгүй ЦЕГ-ын шийдвэр болон тус сургуулийн мэдэгдлийг хүлээж байсан ч өнөөдөр /2022.09.06/ дахин сэтгүүлчийн эрхэнд халдсан үйлдэл гаргасантай холбогдуулан мэдээлэл өглөө.

Тодруулбал, Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон өнөөдөр /2022.09.06/ үйлчлэгч эмэгтэйгээ өрөөндөө зодсон тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан талаар мэдээлэл хийх үеэрээ “сэтгүүлч С.Будрагчааг  ядуу тарчиг, эцэггүй өссөн, эх нь архичин” зэргээр доромжилсон. Тэгвэл энэ талаар сэтгүүлч С.Будрагчаа “Өнөөдөр өглөө 8:40 минутын үед Орос гуравдугаар сургуульд үйлчлэгчээр ажилладаг эгч холбогдсон юм. Ингэхдээ “Өчигдөр Ж.Соронзон захирал надтай хамт ажилладаг нэг үйлчлэгчийг зодсон. Тур хүн зодуулж гарч ирээд хамт ажилдаг хүндээ энэ тухайгаа хэлээд гарч явсан байдаг. Ингээд удалгүй тус сургуулийн нягтлан руу үл таних хүн залгаж “танай сургуульд ийм хүн ажилладаг уу. Ухаан алдсан байхад нь оллоо” гэсэн байгаа юм. Мөн надтай холбогдсон хүн Ж.Соронзон захирлын дарамт хэтэрч байна. Биднийг дарамталж гэрээ хүртэл цэвэрлүүлдэг та Боловсролын сайдад энэ асуудлыг дамжуулаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Зодуулсан хүн эмнэлэгт байгаа. Бас Манайх Ж.Соронзон захирлын хэлдэг шиг ядуу зүдүү айл байгаагүй. Ээж минь намайг хорин насандаа төрүүлж сургууль соёлын мөр хөөж би эмээ өвөөтэйгөө өссөн. Өвөө минь Унгар улсад дээд боловсрол эзэмшсэн, усны мэргэжилтэй сэхээтэн хүн байлаа. Эмээ маань туг нэгдэлд номын санч хийдэг хүн байсан. Би номон дунд өссөн хүн. Тэр үед эмээ өвөө маань өндөр ч тэтгэвэр авдаг бас малтай айл байлаа. Миний ээж архичин биш. Хөдөө уул уурхайн компанид тогооч хийдэг. Шударга өөрийн хөдөлмөрөөрөө тууштай ажиллаж байгаа хүн байдаг” гэлээ. Уг асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргажээ.

Мөн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар хэлэхдээ "Ж.Соронзонг Хэвлэл мэдээлэлд өгсөн яриандаа хэлсэн үгэндээ Монголын сэтгүүлчдээс уучлал гуйхыг албан ёсоор шаардаж байна” гэв. Ж.Соронзон өнөөдөр хэлэхдээ Монголын сэтгүүлчид бохир заваан болсон, худалдагдсан, шантаажчин болсон гэсэн юм.

МСНЭ-ийн гишүүн Б.Ууганбаяр хэлэхдээ "Өөрсдийнх нь өгөх гэсэн зүйл таалагдахгүй болохоор сэтгүүлчдийг гутаах, мөнгөөр юу ч хийхээс буцахгүй хүмүүс гэх мэтчилэн дур зоргоороо аашлах хандлаг хаа сайгүй боллоо. Сэтгүүлчдээ хамгаалахын тулд бид байнга ажиллана. Гэхдээ нийтлэг эрх ашгийг хамгаална. Бидний үйл ажиллагаа явуулахад учирч байгаа саад бэрхшээл юу байна, мэдээлэл олж авахад ямар саад бэрхшээлтэй тулгарч байгаад анхаарна. Хэн нэгэн сэтгүүлчдийг шантаажчин гэж орилдог, доромжилдог байдлын эсрэг зогсоно. Энэ мэт аашилсан хүмүүсийг холбогдох байгууллагуудад өгнө. Энэ нь олон нийтийн мэдэх эрхийг маш ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа сэтгүүлчдийг нэг хүн дайрч доромжилж болохгүй. Мөн сэтгүүлчид маань ч нэр төрөө эрхэмлэн ажиллах хэрэгтэй" гэв.