Р.Энхжаргал: Бүжиглэхээр би амар тайван жаргалтай болдог учраас дуу л байвал бүжиглээд явж байдаг

Р.Энхжаргал: Бүжиглэхээр би амар тайван жаргалтай болдог учраас дуу л байвал бүжиглээд явж байдаг

Хамгийн цэвэрхэн хувцсаа өмсөөд, найзуудтайгаа уулзах гэж яарсан хөөрч баярласан хүүхдүүд, сэтгэл нь амарсан ээж аавуудыг бид жил бүрийн есдүгээр сарын 1-ний эрдмийн баярын өдөр хардаг. Харин энэ жилийн эл өдөр сэтгэл хөдлөлөө нүүрэн дээрээ зураглаж нээлтийн баярын дуун дээр бүжиглэж буй жаал хүүгийн бичлэг олон хүний сэтгэлд хүрч, хүн бүрийн хайрыг хүртээд амжив. Тиймээс бид энэ удаагийн Sociol ID буландаа түүнийг урилаа. Ингээд Бүжиглэдэг хүү буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн сурагч Р.Энхжаргалтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна. 

ВИДЕО: 

-Сайн уу. Шинэ хичээлийнжилийн мэнд бас төрсөн өдрийн мэнд хүргэе. Манай үзэгчдэд өөрийгөө  танилцуулаач.

-Сайн байна уу. Намайг Рэнцэнбямбаагийн Энхжаргал гэдэг. Би одоо долдугаар ангид сурдаг. 12 настай хүүхэд байна. /гэнэт нэвтрүүлэгт яриа өгнө гэсэн чинь сандраад чичрээд болдоггүй ээ гэж хэлээд инээв/

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Ам бүл хэдүүлээ вэ?

-Би ээж, хоёр ах, нэг эгчийн хамт амьдардаг. Миний ээжийг Баяртогтох гэдэг. Манай том ахыг Р.Шинэбаяр, дунд ахыг Р.Мягмаржав гэдэг. Нэг эгчтэй түүнийг Р.Цагаанхүү гэдэг. Тэгээд би л байна даа.

-НАЙЗУУД МААНЬ ЧИ БАРАГ ОД БОЛСОН ЮМ БИШ ҮҮ ГЭЖ ЯРИАД ИНЭЭЛДЭЭД БАЙГАА-

-Миний дүүгийн бүжиглэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан шүү дээ. Биеэ барилгүй чөлөөтэй бүжиглэж байгаа нь ёстой хөөрхөн харагдсан шүү?

-Би бүжиглэх их дуртай болохоор ямар ч хамаагүй дуун дээр хаана ч хамаагүй бүжиглээд л явж байдаг юм өө. Бүжиглэх миний хобби гэж хэлж болно л доо. Бүжиглэхээр би их жаргалтай болдог. Гоё цоглог болдог. Цаашдаа ч бүжиглэсээр байх болно. /Түүний бүжиглэж байгаа бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-Бичлэгийг нь сургуулийн найзууд нь үзсэн үү. Тэд юу гэж хэлж байна?

-Манай ангийн найзууд болохоор "Чи чинь бараг од болсон юм биш үү" гээд л инээлдээд, яриад л явж байгаа. Бусад хүмүүс үзсэн үгүйг нь мэдээгүй л байна. Өнөөдөр найзуудтайгаа уулзаж хичээлээ хамт хийх гоё байсан. Бас бүжиглэх гоё байлаа.

-Хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг уншсан уу. Чамд ямар санагдсан бэ?

-Уншиж үзсэн ёстой гоё байсан. Хүмүүс “Ямар хөөрхөн юм бэ. Цоглог хүүхэд байна шүү” гэж гоё, гоё сэтгэгдэл бичсэн байна лээ. /инээв/

-Ямар мэргэжилтэй болохоор төлөвлөж байна?

-Та код бичих гэж мэдэх үү. Хакер гэсэн үг юм л даа. Би эхлээд код бичдэг хүн болоод тэр ажлаа хоёр жил хийгээд туршлагатай болохоороо цагдаа болно гэж боддог. Ийм л мөрөөдөлтэй.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Би чөлөөт цагаараа цаасаар зэвсэг ч юм уу янз бүрийн юм хийх дуртай. Тэгээд хийсэн юмаараа тоглодог юм.

-Зуны амралтыг юу хийж өнгөрөөв?

-Тоглосон. Ээждээ тусалсан. Зуны даалгавраа хийсэн. Ерөнхийдөө ингэж л өнгөрөөсөн дөө.

-Танай сургуулийн юу нь хамгийн их таалагддаг вэ?

-Багш нар маань. Яагаад гэвэл манай сургуулийн багш нар гоё зөөлөн ааштай. Хичээлээ ч сайн заадаг гэж боддог. Бас тийм ч их ууртай биш. Энэ сургуулийн ер нь л бүх юм надад таалагддаг.

-Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жил эхэлж байна. Миний дүү хичээлдээ орж байгаа нийт хүүхдүүддээ зориулж юу гэж хэлмээр байна. Та бүхний баярын өдөр шүү дээ.

-Өнөөдөр хичээл эхлээд хүүхдүүдийн баярын өдөр болж байгаа учраас тэдэнд хандаж “хүүхдүүдээ бүгдээрээ сайн сурч гэр бүлдээ аж жаргал түгээцгээе” гэж л хэлмээр санагдлаа.

-Хоёулаа яриагаа өндөрлөхийн өмнө хайртай хүмүүстээ хандаж хэлэх үг байгаа бол хэлээд яриагаа дуусгая.

-Байлгүй яах вэ. Найзууд, гэр бүл, багш нартаа хандаж “Намайг сайн сургаж, дэмжиж, тусалсан та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү” /гээд гараараа зүрх гаргав/ бас намайг тоож нэвтрүүлэгт оруулж, зурагтаар гаргах гэж байгаа Isee.mn сайтад баярлалаа.

-Бидэнтэй ярилцсан чамд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.

-Та бүхэнд бас амьдралд нь аз жаргал хүсэн ерөөе. Маш их баярлалаа.