Усан парк барих нэрийдлээр барилга барихыг эсэргүүцэж жагсаж буй иргэд Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ

Усан парк барих нэрийдлээр барилга барихыг эсэргүүцэж жагсаж буй иргэд Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард iSee.mn сайт Энхтайваны гүүрийн зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газарт “Эм энд Жи” констракшн гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина” гэж зургаан жилийн турш хашаалсан ч, эцэстээ 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2022.08.31/ дээрх асуудлаар барилга барихыг эсэргүүцэж буй иргэд Нийслэлийн засаг даргын тамгын газрын /НЗДТГ/-ын гадна талбайд жагсаал зохион байгуулж байгаа билээ. Тэд Нийслэлийн засаг даргад тус барилгын ажлыг нэн даруй зогсоох шаардлага хүргүүлээд байна. Иргэдийн төлөөлөл “Бид Усан парк барих нэрийдлээр барилга барихыг гурван шалтгааны улмаас эсэргүүцэж байгаа. Үүнд:

  1.  Сэлбэ голын дагуу зогсоол байх ёстой. Тэгж байж бөөгнөрч бус тэлж хөгжинө.
  2. Энэ барилга төмөр замын хамгаалалттай бүсийг хот суурин газарт 100 метрийн зайтай байгуулдаг гэх мэт хэд хэдэн хууль зөрчиж байгаа, шаардлагатай тохиолдол 50 метрийн зайтай байж болдог. Гэтэл “Усан парк”-ийн газар дээр баригдаж буй барилга нь төмөр замын хамгаалалттай бүсээс 46 метр зайтай байна.
  3. Улаанбаатар хотын дундуур урсдаг ганц л голтой. Харин энэ барилга голын ай сав, усны голдирол дээр баригдаж байгаа юм.

Иймд Нийслэл хотын даргад тухайн барилгын ажлыг нэн даруй зогсоож, хуулийн дагуу шалгуулж өгөхийг шаардсан шаардлага хүргүүлж байна. Төрийн байгууллагууд авлига аваад байгаа юм биш биз гэсэн хардлага ч байгаа” гэжээ.