Х.Мөнх-Эрдэнэ: Иргэд цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй байна. Хязгаарлалттай бүсэд зорчвол хувь хүнийг 20 мянгаар торгоно

Х.Мөнх-Эрдэнэ: Иргэд цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй байна. Хязгаарлалттай бүсэд зорчвол хувь хүнийг 20 мянгаар торгоно

Энэ наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу найман хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын сүүлийн орон тэгш сондгой дугаараар зохицуулалт хийн ажиллаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр тус захирамжийн хүрээнд замын хөдөлгөөний ачаалал хэдэн хувь буурсан байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

ВИДЕО:

Тэрбээр, “Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу улсын дугаарын сүүлийн орон тэгш сондгойгоор тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох захирамж өнөөдөр гурав дах өдрөө явагдаж байна. Нийслэл хотын төв буюу дугаарын хязгаарлалт тогтоосон хэсгүүд дээр хөдөлгөөний ачаалал 40-50 хувь буурсан байна. Дугаарын хязгаарлалттай бүс дотор хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурсан байгаа. Дугаарын хязгаарлалт тогтоосон цаг нь өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл тогтоосон. Иргэд өглөө 08:00 цагаас өмнө ажилдаа амжаад очно гэсэн бодолтой хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь тухайн ажил руугаа явж байх замдаа түгжрэл саадыг бий болгоод өнөөдөр хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн сондгой дугаартай тээврийн хэрэгслүүдтэйгээ зэрэгцсэний улмаас 08:00 цагаасаа хэтрээд алба хаагч тухайн зам руу оруулахгүй байх зорилгоор шаардлага тавьж байна. Ингэснээр дугаарын хязгаарлалт тогтоосон бүс рүү орж байгаа ачаалал маш их нэмэгдэж байна. Харин хот тохижилтын ажилчид,цахилгаан шугам холбооны ажилчид, нийтийн тээвэр, нийтийн такси үйлчилгээ, ажилчдын автобус, нийтийн автобус мөн хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгслийг явуулна гэсэн захирамж гарсан. Гэтэл эдгээр байгууллагуудад ажилладаг иргэд маань буруу ойлголт авсан нь тухайн байгууллагын үнэмлэхийг үзүүлээд хувийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох гээд байгаа юм. Ингэсэн тохиолдолд хөдөлгөөнд оролцуулахгүй. Хамгийн ачаалал үүсгэж байгаа зүйл бол иргэд цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд тээврийн цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Бид бүхэн цагаан сар болон шинэ жил улсын баяр наадмын үеэр өндөржүүлсэн бэлэн байдлаа аваад цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнээрээ ажилладаг. Үүнтэй ялгаагүйгээр хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан цагдаагийн алба хаагч нар түгжрэлийг бууруулах зорилгоор ажиллаж байна. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 14.7.57 дах заалт байгаа. Түгжрэл саадыг бууруулах зорилгоор Засаг даргаас гаргасан захирамж тушаалыг биелүүлээгүй хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд цагдаагийн алба хаагч зөрчлийн тухай хуулиараа арга хэмжээ тооцож ажиллана. Ингэхдээ хувь хүнийг 20 мянган төгрөг, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт байдаг. Нэн тэргүүнд торгохоос илүүтэйгээр та энэ бүс рүү орж болохгүй шүү гэж анхааруулж хэлж байгаа. Харин хязгаарлалттай бүс дотор ямар нэгэн байдлаар цагдаагийн хяналтгүй ороод ирчихсэн тохиолдолд, хөдөлгөөнд оролцохгүй өдрөө хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд цагдаагийн алба хаагч хуульд заасны дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцон ажиллаж байна. Тэгэхээр иргэддээ бид бүхэн юуг анхааруулж хэлэх вэ гэхээр энэ бол урт удааны захирамж биш найман хоногийн л захирамж тул үлдсэн хоног дээр өнөөдөр үнэхээр таны тээврийн хэрэгслийн дугаар явдаггүй бол та тээврийн хэрэгслээ зогсоолоосоо битгий хөдөлгөөч ээ нийтийн тээврийг сонгож хөдөлгөөнд оролцооч ээ гэх зүйлийг уриалж хэлмээр байна” гэв.