ХБНГУ-ын алдарт дугуйчин Гийду Кунзе Монголын баруун хязгаар буюу Увс аймгийн Боршоо боомтоос зүүн хязгаарын Сүхбаатар аймгийн бичигт боомт хүртэл нийт 2279 км замыг унадаг дугуйгаар тав хоногт туулж, дэлхийн нэгэн шинэ амжилтыг тогтоожээ. Тэрбээр нийт дэлхийн зургаан рекордыг эзэмшдэг байна.
Тодруулбал,
- Австрали улсын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл нийт 4200 км замыг хамгийн богино хугацаанд дугуйгаар туулсан.
- Дэлхийн хамгийн өндөр цэг /6233 метр/ өндөр галт уул болох Чили Улсын Атакама цөлд байрлах Охес де Соладод унадаг дугуйгаар гарсан.
- Сайн үйлсийн төлөө 50кг какаоны үрийг нуруундаа үүрэн Эквадор Улсаас 7 мянган км туулж, Герман руу дугуйгаар явсан гэх мэт юм.
Алдарт тамирчин Гийду Кунзе Монгол Улсад хийсэн аяллаа ийнхүү өчигдөр дуусгаж, өнөөдөр эх орон руугаа буцна. Түүний Монгол Улсад хийсэн энэхүү аяллын зорилго нь зөвхөн спортын амжилт гаргахаас гадна манай улсын түүхэн ёс заншил, соёл уламжлал, ард иргэдийн амьдралын онцлог зэрэгтэй танилцаж, Монгол Улсыг дэлхийд дугуйн спортоор дамжуулан сурталчлах юм. Монгол Улсыг сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан түүний энэхүү их хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг үнэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит хүндэт "ӨРГӨМЖЛӨЛ"-ИЙГ ХБНГУ-ын алдарт дугуйчин Гийду Кунзед БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ гардууллаа.
Уг арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам ,Соёлын яам, ЗТХЯ, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, НАЖГ, ХБНГ-ын Конрад Аденаурын сан, Миат ХК, МАЖХ,Монголын дугуйн спортын холбоо зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллав. Бүтэн нэг жилийн хугацаанд төлөвлөгдөж, амжилттай зохион байгуулагдсан энэхүү төслийн хүрээнд цугласан хандив болох 16 сая төгрөгийг “Мишээл хүүхдийн сан”-д хандивлаж, өчигдөр тус сангийн төлөөлөлд алдарт дугуйчин Гийду Кунзе өөрийн биеэр гардуулан өгсөн юм. Хаалтын үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нараас гадна дээр дурдсан дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцон баяр хүргэж, амжилт хүслээ.