МУГТ М.Уранцэцэг UFC-ийн анхны тулаанаа ирэх 10 дугаар сард хийнэ

МУГТ М.Уранцэцэг UFC-ийн анхны тулаанаа ирэх 10 дугаар сард хийнэ

Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Уранцэцэг UFC-ийн октагонд анхны тулаанаа ирэх 10-аар сард хийхээр болжээ.

М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолныхоо хүндэтгэлийн ёслол хийх /2022.1.15/ үеэрээ жүдо бөхийн спортоор 17 жил хичээллэж, дэлхийд нэрээ дансалсан жүдо бөхийн спортоос зодог тайлж холимог тулааны UFC холбоонд шилжих болсноо зарласан билээ.

Тэрбээр, 2013 онд ДАШТ-д түрүүлэн, Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга жүдоч болсон түүхтэй. Мөн 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн билээ. "Будапешт-2021" жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дахин хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны жүдочоор тодорсон.

Түүнчлэн М.Уранцэцэг 2020 онд Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг IJF World Tour-ийн 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд болсон тэмцээнүүдэд хамгийн олон медаль хүртэж, Гиннесийн амжилтын эзэн болж байв. Тухайн үед эмэгтэйчүүдийн -48, -52 кг-ын жинд барилдаж 35 медаль хүртсэнээс 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Сүүлд Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэж, олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулсан юм.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө