"Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмаар одтой сайхан барилдаан үзүүлж “Монгол улсын арслан” хэмээх эрхэм цол хүртсэн Цагааннуур сумын харьяат "Алдар спорт хороо", "Атар трейд" ХХК, "Таван хан" дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт өчигдөр /2022.07.18/ Сэлэнгэ аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлжээ.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн удирдлагууд шинэхэн Арслан цолтныхоо мялаалга наадмыг 8 дугаар сарын 5 /2022.08.05/-ны өдөр хийхээр болсон байна.
Б.Орхонбаяр нь 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн аж. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болж байсан удаатай бөгөөд Монгол улсын арслан Баярсайханы Орхонбаяр нь Сэлэнгэ нутгаас мэндэлсэн гурав дахь улсын арслан цолтон болж байгаа ажээ.