Энэ жилийн Улсын баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр ес даван, үзүүрлэж “Улсын арслан” цол хүртсэн.
Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг аймаг, орон нутаг болон иргэд шагнаж урамшуулдаг сайхан уламжлалтай.
Тэгвэл Улсын баяр наадамд ес даван, үзүүрлэж “Улсын арслан” хэмээх цол, чимэг хүртсэн Б.Орхонбаярыг Сэлэнгэ аймгаас төрөн гарсан эрхмүүд саяхан хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэр Улсын арслан Б.Орхонбаярт УИХ-ын гишүүн асан С.Баярцогт “Baigal” брэндийн эд зүйлсийг бэлэглэсэн байна. Baigal брэнд нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийн урлан гаргадаг “үнэт эдлэл, хувцас”-ны брэнд юм. Мөн Улсын арслан Б.Орхонбаярт “Өсөх зоос” компанийн эзэн Ч.Чинбат Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа “Саруул” хотхонд гурван өрөө байр бэлэглэсэн гэх албан бус мэдээлэл ч байна.