Уяачдын наадмын сонгомол морьдын уралдаанд 469 морь уралдаж, улс, аймгийн цолтой 64 бөх зодоглолоо

Уяачдын наадмын сонгомол морьдын уралдаанд 469 морь уралдаж, улс, аймгийн цолтой 64 бөх зодоглолоо

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоон худагт өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Энэ жилийн уяачдын наадамд сонгомол морьдын уралдааны Дээд насанд 127, дунд насанд 152, бага насанд 190, нийт 469 хурдан хүлэг тоосоо өргөсөн бол хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглолоо.

Уяачдын наадмыг нээж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Нүүдэлчдийн уугуул өв соёлын нэгэн гайхамшиг болсон Морь уях эрдмийг төрийн эрхэм үйл хэмээн дээдэлж явдаг уяачид Та бүхэн минь төрийнхөө их баяр цэнгэл наадамд нас насны хурдан хүлгээ уралдуулж, түмэн олноо цэнгүүлэн хүүхэд, морь эсэн мэнд, хүн бүхэн баяр хөөрөөр бялхан, Хүйн долоон худгийнхаа буурал дэнжид хурсан олныхоо хийморийг асаан наадаж байна. Энэ жилийн Улсын баяр наадамд 21 аймгаас уяачид зорин ирж, нийт 1,600 гаруй хурдан хүлэг төрийнхөө их баяр цэнгэл наадамд тоосоо өргөж, түмэн олноо баясгалаа. Үндэсний их баяр наадамд хурдан хүлгээ уралдуулсан уяачдаас

  • Хамгийн ахмад нь Дундговь аймгийн Дэрэн сумын уяач, эдүгээ 80 настай Анчин овогтой Намсрай гуай
  • Хамгийн залуу нь Хэнтий аймгийн Өлзийт тосгоны 13 настай Отгонбаярын Содбаяр хүү хурдан хүлгээ өөрөө уяж сойн, ардын төрийнхөө наадамд өөрөө унаж хурдлуулсан бахдам түүх байна.

Түүхэн тэгш ойнууд таширлан давхацсан өнөө жилийн баяр наадамдаа Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Зууны манлай уяач, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Тод манлай уяач Данзаннямын Даваахүү гуай хамгийн олон морьд түрүүлгэж, айрагдуулсан бол энэ цагийн шилдэг залуу уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир азарга, их нас, соёолон насанд морьдоо айрагдуулсан нь бас нэгэн түүхэн амжилт, бахархал юм” хэмээгээд

Мянга мянган жилийн буурал түүхтэй Монгол төрийн өнөд оршихын их бэлгэдэл, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, Монгол түмний оюун санааны дархлаа болсон Монгол наадмынхаа абшиг, шүншиг шингэсэн энэхүү дэнжээс төрийн түмэн эхүүдийн босоо цагаан хийморь Та биднийг өнө мөнхөд ивээг" хэмээн ерөөл дэвшүүллээ.

Мөн энэ үеэр Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чимэг олгож, мөнгөн шагналыг нь гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Уяачдын наадамд уралдсан сонгомол морьдын уралдааны дээд насанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор морь түрүүлж, Төв аймгийн Заамар сумын харьяат Ж.Түмэн-Өлзийгийн зээрд морь аман хүзүүдлээ.

Харин дунд насанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбаатарын халтар морь түрүүлж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Ж.Бэгзийн хээр аман хүзүүдсэн бол бага насанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Алтан-Очирын сартай хээр морь түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Б.Дөлгөөний хүрэн халзан аман хүзүүдлээ.




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө