"Улсын наадамд тав давсан бөхчүүд"-ээс допингийн шинжилгээ авсан ба хариу нь эерэг гарвал цол чимгийг нь хураана

"Улсын наадамд тав давсан бөхчүүд"-ээс допингийн шинжилгээ авсан ба хариу нь эерэг гарвал цол чимгийг нь хураана

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай түрүүлж “Улсын аварга”, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэж “Улсын арслан” цол чимэг хүртсэн билээ.

Харин Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс нар шөвгийн дөрөвт үлдсэн. Товчхондоо энэ жилийн баяр наадмаар 14 Улсын начин, дөрвөн Харцага, гурван Заан, нэг Арслан, нэг Аварга нийт 23 бөх шинэ цол хүртсэн юм. Улмаар дээрх бөхчүүдийн цолыг долдугаар сарын 12-нд Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон билээ.

-УЛСЫН БАЯР НААДМААР ЦОЛ ЧИМЭГ ХҮРТСЭН БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АВЧЭЭ-

Тэгвэл цол чимэг хүртсэн бөхчүүдээс сэргээшний шинжилгээг Шадар сайдын баталсан журмын дагуу цагдаа, тагнуулын байгууллага, хөндлөнгийн хяналттайгаар авсан байна. Харин эдгээр бөхчүүд сэргээш хэрэглэсэн нь нотлогдвол Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлигтаа өөрчлөлт оруулж, цолыг хурааж, дараагийн бөхчүүдэд нөхөн олгох учиртай.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйл.

  • 18.5.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хурааж, тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цолыг нөхөн олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана.
  • 18.6.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 18.5-д заасан саналыг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор улсын цол, байрыг олгохгүй байх, эсхүл хасах, эсхүл нөхөн олгох шийдвэр гаргана.
  • 18.7.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг энэ хуулийн 18.4-т заасан хугацаагаар хасах саналыг салбар хороо зохион байгуулах хороонд гаргаж, шийдвэрлүүлнэ.
  • 18.8.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ.
  • 18.9.Энэ хуулийн 18.4-т заасан шийдвэр гарсан бол тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цол, чимгийг нөхөн олгоно" гэж заажээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

-МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫГ Ж.ХАТАНБААТАР ХҮҮ НАРЫНХАА ХАМТААР “АЖИЛЛУУЛДАГ”-

Тэгвэл Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага энэ жилийн баяр наадамд цол чимэг хүртсэн бөхчүүдийн допингийн хариуг ямар нэгэн маргаангүй гаргаж, эцэслэх үү гэх эргэлзээ олны дунд хөвөрч эхэллээ. Учир нь өмнөх жилүүдэд ч эл асуудал хөндөгдөж, бөхчүүд допинг хэрэглэсэн гэдгээ үл зөвшөөрч байсан. Үүний нэг шалтгаан нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага гэх төрийн бус байгууллагатай холбоотой гэдгийг хэлэх хүн олон. Учир нь тус байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар нь 2010 оноос хойш 12 жилийн хугацаанд тус байгууллагыг хувийн эзэмшлийн байгууллага мэт ажиллаж ирсэн байна.

Тодотговол, Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүнээр Ж.Хатанбаатар гэх хүн ажилладаг бөгөөд удирдах зөвлөлд нь түүний хүү Х.Дэлэг, мөн тус байгууллагын Сургалт, сурталчилгаа, судалгаа, допингийн эсрэг мэдээлэл, урьдчилан сэргийлэлтийн албаны даргаар мөн л Ж.Хатанбаатарын хүү Х.Занабазар ажилладаг нь дээрх хардлагыг төрүүлэх болжээ. Цаашлаад хэн нэгэн тамирчин, эсвэл бөхтэй холбоотой допингийн сорил, шинжилгээ нэг гэр бүлийн аав, хүү, ах дүү гурвын үзэмжээр шийдэх хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Ямартай ч энэ жилийн үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд цол, чимэг хүртсэн бөхчүүдийн шинжилгээний хариу элдэв маргаан, будилаангүй гараасай гэх хүлээлт үүсээд байна.




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө