Унаач Д.Баярхүү: Морь, хүүхэд хоёр эсэн мэнд ирэх шиг сайхан зүйл үгүй/ВИДЕО/

Унаач Д.Баярхүү: Морь, хүүхэд хоёр эсэн мэнд ирэх шиг сайхан зүйл үгүй/ВИДЕО/

Isee.mn сайт “Social ID” булангийнхаа Үндэсний их баяр наадмын тусгай дугаарт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын унаач Д.Баярхүүг урьж, оролцууллаа. Тэрбээр 20 гаруй жилийн турш хурдан морь унаж буй юм.

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн иргэн Дамиджавын Баярхүү гэдэг хүн байна. Одоо би 38 настай.

-Та хэдэн настайгаасаа морь унаж эхэлсэн бэ?

-Би нэлээн хожуу буюу 2002 оноос морь унаж эхэлсэн. Одоо 20 жил унаж байна даа.

-Ямар, ямар уралдаан тэмцээнд орж байв?

-Аймаг, сумдын олон ч уралдаан тэмцээнд орсон доо. Аймагт нэг аман хүзүүдэж байлаа. А.Отгонхүү гэдэг найзынхаа хонгор азаргыг унаж, мөн аман хүзүүдсэн. Булганд Жаргалын Батсайхан гэдэг найзынхаа морийг унаж түрүүлсэн. Дорнод аймгийн Баян-Уул суманд 80 жилийн ойгоор Мөнхчулууны хээр морьтой гуравт орж байсан.

-Та уралдаанд ихэвчлэн ямар насны морь унадаг вэ?

-Ихэвчлэн түшигтэй нь дээр гэж бодоод том адуу л унадаг. Морь, азарга, соёолон гэх мэт.

-Уралдаанд оролцохдоо юун дээр хамгийн их анхаардаг вэ. Морь унадаг тусгай арга барил гэж бий юу?

-Тусгай арга барил гэж байхгүй ээ/инээв/. Ер нь замаараа явах л гол чухал байдаг юм даа. Уралдааны замаас гадуур давхиж болохгүй. Замын хянган дээгүүр явж болохгүй. Нэгт, өөрийгөө бодно, хоёрт морио бодно. Замын хянган дээгүүр явбал асуудал гарна шүү дээ.

-Уралдааны бэлтгэлд хэзээнээс гардаг вэ. Уралдахаас өмнө сэтгэл зүйгээ бэлддэг үү?

-Уралдаанд мориныхоо байдлыг харж байгаад нэлээн эртнээс бэлдэнэ. Сэтгэл зүйн талаас гэвэл сайхан амрахыг хичээдэг. Морио ч мөн сайхан амраах хэрэгтэй.

-Өнгөрсөн жил цахим сүлжээнд таны зургийг зарим хүн нийтэлж, буруу мэдээлэл түгээсэн байсан. Үүнийг хараад ямар сэтгэгдэл төрж байв?

-Цахим сүлжээнд Ч.Улаан сайд олон жил морио унуулахын тулд энэ хүнд өсөлт зогсоодог тариа хийсэн байна гээд зургийг минь нийтэлчихсэн байсан. Тийм зүйл огт байхгүй. Би Ч.Улаан гэдэг хүнийг зурагтаар л харсан болохоос хүний урманд “сайн байна уу” гээд гар барьж ч үзээгүй. Зургийг минь зөвшөөрөлгүй нийтэлсэнд их гомдолтой байгаа.

Өнчин тархины дутагдал гэж зүйл байдаг гэнэ. Ийм оноштой хүмүүс нэг бол хэтэрхий өндөр, нэг бол хэтэрхий намхан болдог. Надад тэр нь таараад намхан болсон хэрэг. Өндөр болохоороо хэл ярианы бэрхшээлтэй, харин намхан хүмүүсийн хэл ярианы чадвар нь хэвийн, өөрийгөө учирлаад ойлгуулах чадвартай байдаг гэсэн.

-Одоо ямар галд унаач хийж байна. Хамгийн сүүлд ямар уралдаанд оролцов?

-Одоо суман хүрэн галынхаа унаач хийгээд, бэлдээд л байж байна. Хамгийн сүүлд ноднин жил манай суманд нэг бүсийн уралдаан болсон. Тэр уралдаанд анги жавынхаа морийг унасандаа. Түүнээс  хойш мордоогүй л дээ(уралдаанд).

-Морь унахад танд юу хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг вэ?

-Монгол хүн мориндоо л хайртай байдаг шүү дээ. Морь унаад хамгийн түрүүнд ирэх шиг сайхан  зүйл байхгүй. Бас морь, хүүхэд хоёр эсэн мэнд ирэх шиг сайхан, гоё юм байхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.