Цаг уур, орчны шинжилгээнээс ирүүлсэн мэдээллээр 9, 10-нд буюу маргааш, нөгөөдөр нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
Наадмын өдрүүдэд Орхон гол Сэлэнгэ мөрний сав газар болон нутгийн зүүн хэсгийн зарим газраар их хэмжээний аадар бороо орох төлөвтэй байгаа тул голууд болон жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан голд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Гадаргын усны судалгааны хэлтсээс зөвлөж байна.