Улсын төсвийн хөрөнгөөр аялагч, жуулчдын алжаал тайлж амрах 100 отоглох цэг байгуулахаар болжээ

Улсын төсвийн хөрөнгөөр аялагч, жуулчдын алжаал тайлж амрах 100 отоглох цэг байгуулахаар болжээ

Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймагт болон говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор суурин газраас алслагдсан бүс нутагт 2022-2024 онуудад 100 отоглох цэг байгуулах юм.

Үүний дагуу энэ онд 12 аймгийн 17 байршил нутагт буюу  Булган аймгийн Баян-Агт сум-Хануй голын рашаан,Архангай аймгийн Өгий нуур сум- Өгий нуур, Тариат сум- Тэрхийн цагаан нуур, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ сум- Хоног цол, Дорнод аймгийн Халх гол сум- Буйр нуур, Хэнтий аймгийн Баян-Овоо сум- Гүрмийн нуур, Төв аймаг, Мөнгөнморьт сум- Хориуд, Завханы Нөмрөг сум- Тэлмэн нуур, Эрдэнэ хайран сум- Улаагчны хар нуур, Говь-Алтайн Цогт сум- Ээж хайрхан уул, Баянхонгорын Богд сум – Цонж, Өмнөговь аймгийн Даланзадгад сум- Ёлын ам, Сэрвэй сум- Дуут манхан,Дундговийн Өлзийт сум- Цагаан суварга, Гурван сайхан сум- Их газрын чулуу, Дорноговь аймгийн Өргөн сум- Хамрын хийд гэсэн аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэгийг тус тус байгуулахаар ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр барих отоглох цэг нь автомашины зогсоол, тэмдэг, тэмдэглэгээ, морины уяа, мэдээллийн самбар, майхан барих талбай, ширээ, сандал бүхий дээвэртэй сүүдрэвч, ил гал түлэх зориулалтын цэг, шорлог хийх зуух, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл бүхий галын саравч, гэрэлтүүлэг шон, спорт талбай, явган хүний зас, нийтийн ариун цэврийн байгууламж зэргээс бүрдэх юм байна.