Энэ долоо хоногт Орос, Хятадын нийт найман байлдааны хөлөг онгоц Японы ойролцоох тэнгист илэрчээ. Энэ нь Украин, Тайванийн нөхцөл байдал муудаж байгаагийн нэг илрэл хэмээн олон улсын хэвлэлд мэдээлсэн байна.
Тодруулбал, Японы Батлан хамгаалах яам, “Мягмар гараг /2022.06.23/-т Япон болон Өмнөд Солонгосыг зааглаж буй Цүшима хоолойгоор шумбагч онгоц эсэргүүцэгч хөлөг онгоцоор удирдуулсан Оросын байлдааны таван хөлөг онгоцыг ажигласан” гэж мэдэгджээ.
ОХУ-ын тус таван хөлөг онгоц нь Японы арлуудын ойролцоо долоо хоногийн турш хойд зүгийн Хоккайдогоос өмнөд хэсгийн Окинава хүртэл байсан гэж дурджээ.
Үүний зэрэгцээ, мягмар гараг /2022.06.23/-т нийслэл Токио хотоос өмнө зүгт 500 км-ийн зайд орших Изү арлуудын ойролцоо дор хаяж Хятадын хоёр байлдааны хөлөг онгоц болон хангамжийн хөлөг онгоц харагджээ. Тэдгээр хөлөг онгоцны нэг нь Хятадын хамгийн хүчирхэг хөлөг онгоцны нэг болох удирдлагатай пуужин устгагч “Лхас” байсан гэжээ. Энэ талаар Токио дахь Темпл их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны дэд профессор Жеймс Браун “Энэ бол Орос, Хятадын аль алиных нь хүч чадлын илэрхий шоу. Эдгээр үйл ажиллагаа нь Японы хувьд ихээхэн түгшүүр төрүүлж байна. Наад зах нь Орос, Хятадын цэргийн хүчний хөдөлгөөнийг хянах нь Японы өөрийгөө хамгаалах хүчний нөөцөд дарамт болж байгаа” гэжээ.
Эх сурвалж: CNN