Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон холбогдох төлөөллийг өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2021 онд орон нутгийн их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Өмнөговь аймагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар ажиллаж байгаа аж. Өмнөговь аймагт 20га талбайд их сургуулийн хотхон байгуулж, ирэх намраас элсэлтээ авч эхэлнэ. Энэхүү томоохон төсөлд “Оюу толгой” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтийг сайдын зүгээс илэрхийлсэн байна.
“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал боловсролын салбар, тэр дундаа орон нутагт их сургуулийн хотхон байгуулах төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Ийнхүү хамтарсан ажлын хэсэг байгуулан санамж бичиг байгуулах төлөвтэй байгаа ажээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хатуу дэд бүтцийн асуудал гэхээс илүүтэй сургалтын хөтөлбөр, орчин, оюутан, залууст зөөлөн ур чадвар олгох чиглэлд анхаарах хэрэгтэйг онцлов.
Уулзалтаар талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, ТЭЗҮ-ийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар харилцан тохиролцлоо.
“Оюу толгой” ХХК-ийн хувьд сургууль, цэцэрлэг барих, анги танхим тохижуулах, тоног төхөөрөмж, сургалтын материалаар хангах, гадаад, дотоод тэтгэлэг зэргээр боловсрол, шинжлэх ухааны салбарт 150 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм.
Эх сурвалж: БШУЯ