Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форум өнгөрсөн баасан гараг/2022.06.17/-т болж өнгөрсөн. Энэ удаагийн форумд Украины нөхцөл байдлаас үүдэн барууны орнуудын удирдагчид оролцохоос татгалзжээ.
Харин БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Египет улсын Ерөнхийлөгч Абдель Фатах Эль-Си-Си нар цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэгвэл форумын үеэр Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын хэлсэн үгс олон улсын анхаарлыг татаад байна.
Тодруулбал, тэрбээр Луганск, Донецкийн тусгаар тогтнолын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Орчин үеийн олон улсын эрх зүй бол НҮБ-ын дүрэм юм. Гэвч НҮБ-ын “Төрийн бүрэн бүтэн байдал, үндэстэн өөрийгөө тодорхойлох эрх” гэсэн хоёр зарчим зөрчилдлөө. Хэрэв ийм байдлаар улс үндэстний өөрийгөө тодорхойлох эрх цаашид хэрэгжиж эхэлбэл дэлхий даяар 500 гаруй улс бий болж эмх замбараагүй байдал бий болно. Чухам ийм шалтгааны улмаас Казахстан улсын зүгээс Донецскийн Бүгд Найрамдах улс, Луганскийн Бүгд Найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Ийнхүү тэрбээр олон нийтийн өмнө В.Путины гадаад бодлоготой санал нийлэхгүй байгаагаа шууд илэрхийлсэн нь ОХУ-ын зарим өндөр албан тушаалтанд таалагдаагүй бололтой.
Тухайлбал, ОХУ-ын Төрийн Думын тусгаар улсуудын асуудал эрхэлсэн Байнгын хорооны орлогч дарга Константин Затулин "Ерөнхийлөгч Ж.Токаев Донецскийн Бүгд Найрамдах улс, Луганскийн Бүгд Найрамдах улсын асуудлаар байр сууриа Ерөнхийлөгч В.Путины дэргэд шууд хэлсэн нь зохисгүй бөгөөд түүнтэй тэрсэлдэж байгаа мэт ойлгогдсон. Тэр энэ асуудлаар дуугүй өнгөрч болох байсан" гэжээ. Мөн тэрбээр "Казахтстан улсын хүн амын дийлэнх хэсгийг Орос гаралтай иргэд эзэлдэг" тухай онцолсон байна.
Эх сурвалж: Mk.ru