ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр/2022.06.16/ Санкт-Петербургийн Олон Улсын Эдийн Засгийн Чуулганы үеэр Их Британийн BBC сувагт ярилцлага өгчээ. ОХУ Украин руу довтолсноос хойш тэрбээр гадаадын цөөн хэдэн хэвлэлд л ярилцлага өгөөд байв. Тэгвэл түүний энэ удаагийн ярилцлагын онцлох хэсгээс түүвэрлэн хүргэе.
-Сэтгүүлч: ОХУ Украин руу дайрснаас хойш дөрвөн сар өнгөрчээ. Энэ хугацаанд олон мянган энгийн иргэн амь үрэгдэж, хот сууринууд нуринги болон хувирч, олон сая украинчууд гэр орноо орхин дүрвээд байна?
-С.Лавров: “Бид Украиныг эзлэн түрэмгийлээгүй. Украиныг НАТО-д элсүүлэх нь гэмт хэрэг болохыг барууныханд ойлгуулах өөр арга байгаагүй учраас бид цэргийн тусгай ажиллагаа зарласан. Бид Украиныг нацизмаас ангижруулж байна.
-Сэтгүүлч: Украины Чернигов мужийн Яхидне тосгонд Оросын зэвсэгт хүчин 360 оршин суугч, түүний дотор 74 хүүхэд, таван хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг подвалд 28 хоног байлгахыг албадсан талаар НҮБ-ын албан ёсны тайлан гарсан байна. Олон зуун иргэн усгүй, ариун цэврийн байгууламжгүй орчинд хоргодож байна. Энэ тэгээд Нацистуудтай тулалдаж буй хэрэг үү?
-С.Лавров: Энэ үнэхээр харамсалтай. Гэхдээ НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон НҮБ-ын бусад төлөөлөгчид Өрнөдийн дарамт шахалт дор байгаа. Тэд ихэнхдээ Өрнөдийн худал хуурмаг мэдээг түгээгч нь болдог. Орос тийм ч цэвэр, ариун улс биш. Оросын байгаа нь л энэ. Бид өөрийгөө хэн болохыг харуулахаас ичихгүй.
-Сэтгүүлч: ОХУ Их Британийг найрсаг бус харилцаатай орнуудын тоонд багтаасан шүү дээ?
-С.Лавров: Үүнээс өөрөөр харилцах арга байхгүй гэж би бодож байна. Учир нь Борис Жонсон, Трасс (Их Британийн Гадаад хэргийн сайд) нар Оросыг ялах ёстой, Тэднийг сөхрүүлэх ёстой гэж илэн далангүй ярьж байна. Тэгвэл тэг л дээ гэжээ.
-Сэтгүүлч: Их Британи улсын талаар та ямар байр суурьтай байна вэ?
-С.Лавров: Их Британийн эрх баригчид улс төрийн амбицийн төлөө ард түмнийхээ эрх ашгийг золиосолж байна.
-Сэтгүүлч: Оросын салан тусгаарлагчид Их Британийн хоёр иргэнд цаазаар авах ял оноосон. Тэдний хувь заяаг Орос хариуцаж байна шүү дээ?
-С.Лавров: “Би зөвхөн олон улсын эрх зүйг л дагадаг. Хуулийн дагуу хөлсний цэргүүдийг байлдагч гэж хүлээн зөвшөөрдөггүй. Энэ асуудлыг шүүхээр шийдэх ёстой гэж бодож байна” гэжээ.
Өдгөө 72 настай Сергей Лавров сүүлийн 18 жилийн турш олон улсын тавцанд Оросыг төлөөлж байгаа юм. Гэвч Украин руу түрэмгийлсний дараа барууны орнууд түүнд болон охинд нь хориг арга хэмжээ аваад буй.
Эх сурвалж: ВВС