Хойд Солонгосын өмнөд Хванхэ мужийн газар тариалангийн бүс нутагт тодорхойгүй гэдэсний тахал дэгдсэн тухай өнөөдөр 2022 оны зургадугаар сарын 16-нд Ройтерс агентлаг мэдээлэв.
Хүнсний хомсдол, Ковид-19 цар тахлын давалгаатай тэмцэж байгаа тус улсын хувьд гэдэсний халдварт өвчин байдлыг улам хүндрүүлэх хандлагатай байна. Одоогоор хичнээн хүн халдварласан талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа аж. Удирдагч Ким Жон Ун Лхагва гарагт баруун нутгийн Хэжү боомт хот руу цочмог гэдэсний халдвараар өвчилсөн өвчтөнүүдэд туслах эм бэлдмэл илгээсэн байна. Нөхцөл байдал ийм байгаа нь тус бүс нутагт хүнсний хомстол үүсч болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Энэхүү өвчин нь үр тариагаар халдвар тархах магадлал бага учраас уснаас үүдэлтэй өвчин байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа тул усан хангамжийн эх үүсвэрийг халдваргүйжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа юм.
"Хойд Солонгост хижиг гэх мэт гэдэсний өвчлөл тийм цоо шинэ зүйл биш. Хамгийн гол нь Covid-19-тэй давхцаж байгаа нь асуудал болж байна" гэж Ханьян их сургуулийн Анагаах ухааны коллежийн профессор Шин Ён Жон яриандаа дурьдав.
"Сэжигтэй тохиолдлуудад хорио цээрийн дэглэм тогтоож, тархалтыг шинжлэх ухааны туршилтаар баталгаажуулж, өвчнийг аль болох богино хугацаанд таслан зогсоох шаардлагатай" гэж Ким Жон Ун хэлсэн бөгөөд нөхцөл байдал тун сайнгүй байгаа ажээ.
Уг өвчнийг холер эсвэл гэдэсний хижиг байж магадгүй гэж таамаглаж буйг Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны Солонгос хоорондын асуудал эрхэлсэн албан тушаалтан хэлсэн бөгөөд өмнөд Солонгосын тагнуулын агентлагын мэдээлснээр, гэдэсний халдварт өвчин коронавирусын дэгдэлтийг зарлахаас өмнө Хойд Солонгост аль хэдийнэ тархсан байсан гэдгийг онцолж байв.
Пхеньян дахь хэвлэл мэдээллийн хэрэгсэл шинээр нэмэгдэж буй өвчтөнгүүдийн тоог зарлаж байгаа ч засгийн газрын хатуу хяналтын дор өвчлөлийн хэмжээг нуун дарагдуулж байж магадгүй гэсэн таамаглал байгаа аж. Хойд Солонгост пүрэв гарагт өвчний шинж тэмдэг илэрсэн 26010 хүн байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээс хойш улс даяар өвчилсөн хүмүүсийн тоо 4 саяд хүрсэн байна. Дэгдэлттэй холбоотой нас баралтын тоо одоогоор 73 байна гэсэн мэдээллийг өгчээ.
Эх сурвалж: Ройтерс агентлаг