Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас болгоомжлохыг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Зургадугаар сарын 16, 17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ихэнх хугацаанд салхи секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.
Нутгийн өмнөд хэсгээр халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.