АНУ Балба болон Монгол руу коронавирусийн эсрэг хүүхдэд зориулсан вакциныг тээвэрлэж эхэлснээ зарлалаа.
Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен НҮБ-ын дэмжлэгтэй “КОВАКС” хөтөлбөртэй хамтран 5-12 хүртэлх насны хүүхдэд зориулсан 2.2 сая тунг Балба руу, 300 мянган тунг Монгол руу илгээж эхлээд байна гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “Бид мөн Бангладеш, Пакистан тэргүүтэй хүн ам шигүү суурьшсан хөгжиж буй орнуудад вакцин хандивлахад гол анхаарлаа хандуулж байгаа. АНУ тахал өвчинтэй тэмцэж, дэлхийг дараагийн сорилтод илүү сайн бэлтгэгдсэн, илүү сайн хамгаалагдсан байлгахад анхаарлаа хандуулсаар байна” гэжээ.
Сонирхуулахад, өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Хүнс, Эмийн захиргаа/FDA/, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв(CDC)-ийн зөвлөхүүд 5-11 насны хүүхдүүдэд зориулсан коронавирусийн эсрэг "Pfizer-BioNTech" компаниудын вакциныг яаралтай горимоор эмнэл зүйд ашиглахыг дэмжсэн юм. Харин таваас доош насны хүүхдүүдэд зориулсан вакцины эмнэл зүйн туршилт үргэлжилж байгаа аж.
Мэдээллийг эх сурвалжаас ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эх сурвалж: France24