БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятадын чөлөөлөх армид хилийн чанадад дайны бус цэргийн үйл ажиллагаа явуулах эрх олгох” журмыг баталсан тушаалд гарын үсэг зурсан талаар “Global times” мэдээллээ.
Шинээр баталж буй энэхүү журам нь “бүс нутгийн тогтворгүй байдал Хятадад нөлөөлөхөөс сэргийлэх, газрын тос зэрэг стратегийн чухал ач холбогдолтой түүхий эдийг тээвэрлэх замын аюулгүй байдлыг хангах, үндэсний бүрэн эрхт байдал, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах”-д чиглэгдэх аж.
Гэвч түүний дайны бус цэргийн үйл ажиллагааг хууль ёсны болгох энэхүү шийдвэр нь “эргэлзээ төрүүлж байна” хэмээн барууны зарим шинжээч үзжээ. Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Украинд довтолсон юм. Өөрөөр хэлбэл, В.Путин Украинд албан ёсоор дайн зарлаагүй шиг Ши Жиньпиний уг шийдвэр Тайванийг Хятадад нэгтгэхтэй холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм.
Тайванийн Үндэсний бодлогын судалгааны хүрээлэнгийн шинжээч Евгений Куо Южен "Энэ бол Путины "тусгай ажиллагааны" нэг хуулбар гэж бодож байна. Хятадын Тайванийг өөртөө нэгтгэх ирээдүйн зорилго нь 1949 оны дуусаагүй иргэний дайны үргэлжлэл байх болно” гэжээ.
Ши уг журмыг Соломоны арлуудтай аюулгүй байдлын гэрээ байгуулснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа баталсан нь мөн анхаарал татаж байгаа юм. Гэрээнд тусгагдсан зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хоёр тал өгөөгүй ч Хятадын тал “Өөрсдийнх нь ашиг сонирхолд заналхийлсэн тохиолдолд Хятадын цэргийн хүчийг хөндлөнгөөс оролцохыг хуульчилсан” гэж шинжээчид үзэж байгаа юм.
Xi signed an order to issue guidelines on military operations other than war, which standardize and provide legal basis for troops to carry out missions like disaster relief, humanitarian aid, escort and peacekeeping. https://t.co/zcD8dhIUmR
— Global Times (@globaltimesnews) June 13, 2022
Эх сурвалж: ABC, Global times