ОХУ болон БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх зорилгоор хоёр орныг холбосон шинэ бүтээн байгуулалт Алс дорнод дахь бүс нутагт нээлтээ хийжээ. ОХУ-ын Благовещенск хотоос Хятадын Хэйхэ хот хүртэл үргэлжлэх 1 км гаруй урттай тус гүүр нь Амур мөрнийг гатлах бөгөөд нийт 19 тэрбум рубль буюу 342 сая ам.долларын өртгөөр хийгджээ.
Уг гүүрийн барилгын ажил 2016 онд албан ёсоор эхэлж, улмаар 2020 оны тавдугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан хэдий ч Ковид-19 цар тахлын улмаас багагүй хугацаанд түр саатсан. Тэгвэл гүүр нээлтээ хийснээр хоёр орны худалдаа, ачаа тээврийн эргэлтийг 1 сая гаруй тонн хүртэл нэмэгдүүлэх бололцоотойг ОХУ-ын Тээврийн сайд мэдэгдсэн байна. Харин Хятадын талаас Орос улстай бүхий л салбарт хамтран ажиллах хүсэл, сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.