2000-2004 онд ОХУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Касьянов Франсын дайны тухай ярьсан зүйлс олон улсын хэвлэлүүдийн гол сэдэв болоод байна.
Тодруулбал тэрбээр, “AFP" агентлагт өгсөн ярилцлагадаа “Орос, Украины дайн хоёр жил үргэлжилж магадгүй. Үнэнийг хэлэхэд В.Путин Украины эсрэг өргөн цар хүрээтэй дайн эхлүүлнэ гэж зүүдэлж ч байсангүй. Хоёрдугаар сарын 24 буюу Орос Украин рүү түрэмгийлэхээс гурав хоногийн өмнө улс орны дээд удирдлагуудыг Аюулгүй байдлын зөвлөлийн нууц хуралдаанд дуудсаны дараа л дайн болно гэдгийг ойлгосон.
В.Путинтай ажиллаж байх үед тэр огтоос өөр хүн байсан. Одоо Путин зөв сэтгэж чадахгүй байгааг харж байна. Путин сүүлийн 20 жилийн хугацаанд айдас дээр суурилсан тогтолцоог бий болголоо. Миний тооцоолсноор Оросыг “Путинжилт”-аас ангижруулах үйл ажиллагааг явуулахад ойролцоогоор 10 гаруй жил шаардагдана.
Путиныг эцэст нь солих нь болно. Гэвч түний дараа гарч ирсэн хүн Оросыг удаан хугацаанд хянаж чадахгүй бөгөөд эцэст нь Орост чөлөөт, шударга сонгууль явуулах болно” гэжээ. Мөн тэрбээр дайныг зогсоохын тулд Украинд газар нутгаа өгөхийг уриалсныг эсэргүүцэж “Украин унавал дараагийнх нь Балтийн орнууд байх болно. Мөн дайны үр дүн Оросын ирээдүйг тодорхойлно. Оросууд улс орноо сэргээн босгох асар том ажилтай тулгарахаас өөр сонголтгүй. Бүх зүйлийг шинээр босгох ёстой. Үндсэндээ эдийн засаг, нийгмийн бүхэл бүтэн цогц шинэчлэлийг дахин эхлүүлэх хэрэгтэй. Гэвч Орос улс ардчилсан замдаа ардчилсан замдаа эргэн орно гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.
Түүнийг 2004 онд албан тушаалаас нь В.Путин огцруулсан юм. Үүнээс хойш Касьянов Кремлийн хатуу шүүмжлэгчдийн нэг болсон бөгөөд сөрөг хүчин “Ардын эрх чөлөө" намын удирдагч болсон. Тэрбээр дайны улмаас Оросыг орхин гарч, одоо Европт амьдарч байгаа аж. Гэхдээ аюулгүй байдлын улмаас байршлаа хэлэхээс татгалзжээ.
Эх сурвалж: DW