“Хааны эрэлд-2022” цэргийн сургуулилт энэ сарын 6-17-ны өдрүүдэд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд болж буй. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус сургуулилтад Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал оролцож байгаа юм. Тэгвэл энэ талаарх нийтлэл ОХУ-ын “Chita.ru” мэдээллийн сайтад гарчээ. Тодруулбал, тус мэдээллийн сайтад сургуулилтын талаар
“2003 оноос хойш зохион байгуулагдаж буй Монгол, АНУ, Энэтхэг-Номхон далайн цэргийн “Хааны эрэлд 2022” сургуулилт Тавантолгой дахь сургалтын төвд зургадугаар сарын 6-17-ны өдрүүдэд болж байгаа талаар Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам мэдээллээ. Энэ нь АНУ, Энэтхэг Номхон далайн командлалын ивээн тэтгэлгээр Монголын зэвсэгт хүчин зохион байгуулдаг үндэстэн дамнасан байнгын сургуулилт юм.
АНУ-ын элчин сайдын яам энэ талаар “Энэ удаагийн сургуулилт Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулж эхэлсний 20 жилийн ой дээр зохион байгуулагдаж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцсоор байна. Монгол Улс энх тайвныг эрхэмлэгч гадаад бодлого баримталж, дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно” гэв.
Сургуулилтад АНУ-ын 94, мөн Монгол, Герман, Өмнөд Солонгос, Катар, Энэтхэг зэрэг нийт 1050 цэргийн алба хаагч оролцохоор төлөвлөжээ. Энэ жилийн сургуулилтыг АНУ-ын талаас Адмирал Жон Аквилино удирдан командлах юм. Түүний удирдлагад АНУ-ын Батлан хамгаалахын яамны тэнгисийн болон нисэх, хуурай газрын зэрэг 380 мянган цэрэг ажилладаг” гэжээ.
Ингэхдээ уг нийтлэлийг Монгол, АНУ энх тайвныг дэмжих хамтарсан сургуулилт хийсэн ч Орос, Хятадыг урьсангүй” гэсэн тайлбартайгаар оруулсан байна. Үүний доор:
- “АНУ-ын цэргүүд жуулчны хувиар Орос, Хятадын хилээр сургуулилт хийхээр Монголд ирсэн гэж үү,
- Монголчууд анд нөхдөө сонгосон. Магадгүй тэд хувь заяанаасаа айдаг байх.
- Манай улс Монголыг ямагт дэмжиж ирсэн. Гэвч бидний хүнд нөхцөлд гэнэт Америкчуудтай нөхөрлөсөн. Үүнийг хэрхэн ойлгох вэ?
- Прокурорын байгууллага яаралтай Монголын шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаа” зэрэг сэтгэгдлүүдийг бичжээ.
Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Chita.ru