Дуучин Батух: “Зуны зугаа” тоглолтоор намайг дүгнэх хэрэггүй /ВИДЕО/

Дуучин Батух: “Зуны зугаа” тоглолтоор намайг дүгнэх хэрэггүй /ВИДЕО/

Сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй залуу дуучин Батух буюу Х.Батмягмарыг бид “Social ID” булангийнхаа энэ удаагийн дугаартаа урьж, ярилцлаа. Түүнийг “Мод”, “Найз”, “Од” зэрэг хит уран бүтээлүүдээр нь залуус андахгүй биз ээ.

ВИДЕО: 

 

-УРАН БҮТЭЭЛЭЭС УДААН ХУГАЦААНД ЗАВСАРЛАСАН БАЙСНЫГ Ч ХЭЛЭХ ҮҮ, “ХҮМҮҮС ЯАЖ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛ” ГЭСЭН БАГА ЗЭРЭГ АЙДАСТАЙ ТӨРЖ БАЙСАН-

-Сайн байна уу. Батух гэдэг хүний жинхэнэ нэр нь хэн юм бэ. Хүмүүс тэр болгон мэддэггүй байх?

-Сайн байцгаана уу. Намайг Хуягтбаатарын Батмягмар гэдэг. -Дуу хөгжим гэдэг зүйлтэй анх яаж холбогдож байв? -Би 2008 оноос хойш хөгжим бичиж эхэлсэн. Анх гэртээ студийн төхөөрөмж авчхаад хөгжим бичиж сурч байлаа. Ингээд 2012 онд хамгийн анхны уран бүтээл болох “Найз” дуугаа бичиж, цацсан. Тухайн үед хүмүүст нэлээн амжилттай хүрсэн учраас урам авч, араас нь “Мод”, “Бороо” зэрэг уран бүтээлүүдийг мөн л гэртээ бичиж, олон нийтэд хүргэж байлаа.

-Та нэг хэсэг уран бүтээл хийхгүй удсан. Бараг зургаан жил өнгөрсөн байх. Энэ хугацаанд юу хийж байсан нь хүмүүст сонирхолтой санагдаж байгаа байх?

-Тийм ээ. Өөрийн уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авч, бусад дуучдын хөгжмийн найруулга, хоолой, “mixing”, “mastering” дээр ажилладаг байсан. Тэр дундаас онцолбол “Moon dance” бүжгийн хамтлагийн хөгжмийн зохиолчоор нь 2015-2021 оны хооронд ажилласан. Энэ бол миний хийж байсан томоохон ажлуудын нэг. -Ингээд 2021 онд “Од” дуугаар эргэн ирэлт хийсэн.

-Тухайн үед ямар мэдрэмж төрж байв?

 -Өөрийнхөө уран бүтээлийг хийх хүсэл маш их байсан. Дотроо бодоод, “шатаад” л явсан юм. Гэтэл цар тахал дэгдэж, хөл хорио тогтоочихсон. Энэ үеийг ашиглаад өөрийнхөө уран бүтээлийг хийгээд үзье гэж шийдсэн. Толгойд нэг санаа яваад л байсан юм. Биднийг бага байхад ээж, аавуудын дуртай байсан “ретро” урсгалын хөгжмийг өөрийн дуундаа шингээвэл болох юм шиг санагдсан. Ингээд л “Од” дуугаар эхэлье гэж шийдсэн юм.

-Зургаан жил гэдэг багагүй хугацаа шүү дээ. Удаан хугацаанд завсарласны эцэст шинэ уран бүтээлээ цацахад ямар мэдрэмж төрж байв. Хүмүүс намайг санаж байгаа болов уу гэсэн эмээлт байв уу?

-Тийм ээ. Уран бүтээлээс удаан хугацаанд завсарласан байсныг ч хэлэх үү, “хүмүүс яаж хүлээж авах бол” гэсэн бага зэрэг айдастай төрж байсан л даа. Гэтэл “Од” дуу санаанд оромгүй амжилт үзүүлсэн. Дуугаа цацсанаас хойш 15 хоног хандалтаа ойр, ойрхон шалгаад л, их догдолж байсан. Гэтэл нэг их хандалт авахгүй байсан. Тэгээд л гэрийнхэнтэйгээ хөдөө явчихсан. Сар гаруйн дараа иртэл маш өндөр хандалт, хүмүүс үнэхээр гоёор хүлээж авсан. Хүмүүс маш гоё сэтгэгдлүүд нь үлдээсэн байсан. “Batuh come back”/Батух эргэн ирлээ/ гэх мэт. Мэдээж сөрөг сэтгэгдэл ч ирсэн. Гэхдээ сөргөөсөө эерэг сэтгэгдлүүд давамгайлж байсан.

-“ЗУНЫ ЗУГАА” ТОГЛОЛТЫН ҮЕЭР БОЛСОН ЯВДАЛД ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨХГҮЙ-

-Таны дуунуудын нэр “Од”, “Мод”, “Найз” гэх мэт маш богино байдаг шүү дээ. Энэ магадгүй таны уран бүтээлүүдийн онцлог уу?

-Дуунуудын маань нэр миний нэг онцлог гэж хэлж болно. Нэрсээ маш богино, нэг үетэй, нэг үгтэй, дууныхаа утга санааг бүрэн илэрхийлж чадахаар байлгахыг хичээдэг. Мэдээж маш их бодож өгдөг.

-Таныг хөгжмийн багш гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх. Багш мэргэжлээр ажиллах болсон түүхээсээ хуваалцаач?

-Шинэ Монгол сургуульд цахилгаан хөгжмийн багшаар ажилладаг. Бага байхад багшийн мэргэжил их гоё санагддаг, багш болохыг хүсдэг байсан юм. Миний үндсэн мэргэжил бол хөгжмийн найруулагч. Ажил, уран бүтээлийнхээ хажуугаар багшлах цаг гардаг учраас энэ мэргэжлээр ажилладаг.

-Хүүхдүүдтэй ажиллах амаргүй байна уу?

-Амаргүй ч гэсэн үнэхээр гоё мэдрэмж төрүүлдэг. Хүүхдүүд чинь маш гэгээлэг, сонирхолтой ертөнц. Тэр ертөнцөөс нь энерги авч, цэнэглэгдэж байдаг. Орчин үеийн өсвөр насны хүүхдүүд огт өөр ертөнцтэй болчихсон шүү дээ. Тэндээс нь байнга суралцаж, уран бүтээлийн шинэлэг санаа авдаг. 

-Сая орж ирэхэд шавь нартайгаа их чөлөөтэй яг л найз нь юм шиг ханддаг санагдлаа. Магадгүй таны заах арга барил байх?

-Багш гэхээрээ л хүүхдүүдийг загнаад, тэг, ингэ гэж тушаагаад байхыг хүсдэггүй. Хүүхдүүдтэйгээ найзууд шиг л харьцаж, хандаж байж юу хүсэж, мөрөөдөж байгааг нь ойлгоно шүү дээ. Шавь нартайгаа хатуу харьцаж чаддаггүй. Угийн дотоод хүн маань маш зөөлөн гэх юм уу даа/инээв/.

-Саяхан “Зуны зугаа” шоун дээр дуулсан бичлэг тань  нэлээдгүй олны анхаарлыг татсан шүү дээ. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-“Зуны зугаа” тоглолт маш гоё болсон. Энэ тоглолтод анх удаа “Зун” дуугаа дуулсан. Цацагдаад долоон хоног л өнгөрч байсан байх. “Зуны зугаа” дээр болсон явдалд өөрийгөө өмөөрөхгүй. Бичлэгийг үзсэн бол би мэргэжлийн бүжигтэйгээ хамт гарч ирсэн шүү дээ. Бүжигчдэдээ чөлөөтэй хөдлөх, саагих талбайг нь үлдээхийн тул би тайзны урагшаа гарчихсан. Гэтэд урд байсан мониторууд ажиллахгүй байсан. Хоёрдугаарт, задгай талбай дээр анх удаа дуулсан. Миний хоолой микрофоноор 0.5-1 секундийн хоцрогдолтой дуугарч байсан. Гэхдээ яаж, ийж байгаад үзэгчдээ хүндэлж, дуулж дууссан. Би алдаагаа 100 хувь техник рүү чихэж байгаа юм биш. Миний өөрийн алдаа, дутагдал ч гэсэн байгаа. Гэхдээ үүгээр намайг дүгнэх хэрэггүй. Цааш, цаашдаа өшөө гоё, гоё уран бүтээлүүд хийх болно.

-Ярилцсанд баярлалаа.

/Дуучин Батухын "Од" дууг "Youtube"-д 7.2 сая удаа тоглуулжээ/