Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан, Барилга хот байгуулалтын дэд сайд асан, МоАХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Байгалмааг АТГ-аас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Түүний хамааралтай “Пирамид-Орд” ХХК нь Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж Хөгжлийн банкнаас зээл авсан гэх мэдээлэл гарсан. Уг хэрэгт холбогдуулан түүнийг шалгаж буй аж. Учир нь тэрбээр МоАХ-ын газрыг барьцаанд тавих үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, МоАХ-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Тэрбээр тус газрыг барьцаанд тавьж Хөгжлийн банкнаас зээл авахдаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй мөн 27 байрыг ах, дүү, амраг садандаа олгосон байж болзошгүй аж.
Мөн тус компани нь орон сууц барихын тулд МоАХ-ын газрыг барьцаанд тавьж, Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөг авсан. Банкнаас зээл авах зөвшөөрлийг Г.Байгалмаа хуурамчаар үйлдэж, бүлэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Г.Байгалмаа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай улс төрийн нэг баг гэдэг билээ.