Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд хүргүүлсэн. Улмаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хилийн хориг тавьж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарт хилийн хориг тавьх эсэхийг өнөөдөр /2022.05.30/ шийдэхээр товлосон билээ.
-"ГАДААД ЯВСАН" ГЭЖ ХУДАЛ ХЭЛҮҮЛЖ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛСАН УУ-
Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь энэ сарын 31-ний өдөр /2022.05.31/ ирэхээр Монгол Улсын хилээр гарч явсан. Тиймээс түүнийг ирсний дараа шүүх хурлыг товлохоор болсон гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн.
ВИДЕО:
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин эх орондоо ирж, ажлаа хийж эхэлсэн бололтой. Түүнээс хэзээ эх орондоо ирсэн талаар тодруулахад "Би хилээр гараагүй. Хилийн хориг тавина гэдэг нь шал утгагүй зүйл. Би ямар зугтах гээд байгаа юм уу" гэх тайлбарыг өгөв. Түүний энэхүү мэдээллээс үзэхэд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь үнэхээр хилээр гараагүй байсан бол ямар шалтгаанаар өнгөрсөн баасан гараг /2022.05.27/-т болох байсан шүүх хуралд очсонгүй вэ, түүний өмгөөлөгч шүүхэд "Г.Амартүвшинг гадаад улс руу явсан" гэх ХУДАЛ мэдээллийг өгсөн үү гэх асуулт хариултаа нэхэж байна. УИХ-ын гишүүн Г.Амартүвшиний хэлж буйгаар тэрбээр шүүх хурлын өмнө улсын хилээр гарч яваагүй, шүүх хуралд оролцоогүй бол шүүн таслах ажиллагаанд саад учруулсан байж болзошгүй байна.