Малчид замбараагүй газар олголт, уул уурхайн компаниудыг эсэргүүцэж, төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэн жагсаж байна

Малчид замбараагүй газар олголт, уул уурхайн компаниудыг эсэргүүцэж, төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэн жагсаж байна

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, тайван жагсаал зохион байгуулж байна.

Тэд говь нутагт олгогдсон замбараагүй лиценз бүхий уул уурхайг эсэргүүцэж өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна. Жагсаалаа зургаадугаар сарын 3-ныг хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Даланжаргалан сумын малчин Э.Чулуунзүрх, “Ухаад орхиод явсан эзэнгүй талбай хаа сайгүй байдаг болсон.  Говийн бүсэд уул уурхай эрхэлдэг компаниуд гүний цэвэр усыг ашигладаг. 2017 оноос хойш энэ асуудлыг бид ярьж эхэлсэн. Сонгуулиар гарч ирж буй дарга нар болон Төрийн түшээдэд итгэж хүлээж байсан. Очсон газрууд хүлээж авахгүй байгаа учраас бид өнөөдөр талбай дээр ирж, төрийн өндөрлөгүүдэд өөрсдөө шаардлага хүргүүлэхээр ирээд байна.

Мөн Өмнөговь аймгаас Чойр чиглэлийн 470 км замд л гэхэд 30-40 салаа шороон зам үүсгэж 80-100 гаруй тонн ачаа тээвэрлэдэг. Тиймээс тоосжилт ихээр үүсч тэр хавийн сумууд дандаа тоос шороон дунд амьдарч байна.

Энэ мэт хүний аюулгүй байдалд, амьдрах орчинд маш олон асуудал үүсэж байгаа. Өнөөдөр энд Даланжаргалан, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн малчид ирсэн байна. Жагсаал үр дүнд хүртэл бид жагсах болно. Сум, Аймаг, Уул уурхайн яамдад энэ асуудлаар удаа дараа бичиг хүргүүлсэн ч боломжгүй байна гэсэн хариу өгч байсан.

Нэг суманд одоогийн байдлаар 98 лиценз байгаа шинэчилсэн хуулиар 10-ыг нэмнэ гэж байгаа.

Энэ бол байгаль болон хүний эрүүл мэнд, усны хомстолд ноцтойгоор нөлөөлж буй томоохон асуудал болоод байна” гэв.

Малчдын төлөөлөл, "Уул уурхайн компаниуд бүгд гүний цэвэр усыг өдөр тутамдаа ашигладаг. Бид 40 мянган мал усалдаг байсан усанд одоо дөрвөн айлын мал усалж хүрэхгүй байна. Бид уух усны хомстолд орсон. Малчид нь гишгэх газаргүй, мал нь уух усгүй болсон" хэмээв.

Төв талбайд нийтдээ 100  гаруй малчид цугларч есөн заалт бүхий шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлэхээр ордны баруун хаалган дээр зогсож байгаа юм.