АНУ-д оршин суугаа монголчуудад бичиг баримтаа биедээ авч явахыг анхаарууллаа

АНУ-д оршин суугаа монголчуудад бичиг баримтаа биедээ авч явахыг анхаарууллаа

АНУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг саатуулах, албадан буцаах ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэдэд анхааруулга гаргажээ.

Тодруулбал, АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE) тус улсад хууль бусаар оршин сууж буй цагаачдыг саатуулах, албадан буцаах ажиллагааг явуулж байгаатай холбогдуулан АНУ-д оршин суугаа 18-аас дээш насны Монгол Улсын иргэд холбогдох бичиг баримтаа биедээ байнга авч явахыг зөвлөсөн байна.

Элчин сайдын яамнаас иргэдэд дараах бичиг баримтыг зохих журмын дагуу биедээ авч явахыг анхааруулжээ. Үүнд:

  • Ногоон карт /Permanent Resident Card, Green Card/
  • Ажиллах эрхийн карт /EAD/
  • I-94 Arrival/Departure Record
  • Цагаачлалын статусаа нотлох бусад холбогдох бичиг баримт

Мөн бичиг баримтынхаа хуулбар болон цахим хувилбарыг найдвартай хадгалж, виз болон оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тогтмол шалгаж байхыг зөвлөсөн байна.

Элчин сайдын яамнаас АНУ-д оршин суугаа монгол иргэдийг тус улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ. АНУ-ын ICE-ийн цагаачлалын хэрэгжилтийн ажиллагаатай холбоотой өмнөх анхааруулгад ч иргэдийг холбогдох бичиг баримтаа тогтмол биедээ авч явахыг зөвлөж байсан байна.