Төсвийн хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Энэ дагуу төрийн өмчит үйлдвэрийн газрууд, агентлагуудын дэд дарга нарыг ажлаас нь чөлөөж буй. Тухайлбал, Хотын дарга Д.Сумъяабазар дөрвөн орлогч даргаа чөлөөлөх захирамж /2022.05.24/ гаргасан.
- Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар,
- Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва,
- Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн,
- Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр
- Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн,
- Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг чөлөөлөх захирамжийг гаргасан.
Хотын зургаан орлогчийг орон нутгийн сонгуулийн дараа томилохдоо Нийслэлийн МАН-ын хорооноос нэрийг нь оруулж, НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталж байв. Харин чөлөөлөхдөө шууд хотын даргын захирамжаар албажуулж байгаа аж. Ингэснээр хотын дарга Д.Сумъяабазар хоёр орлогчоо шинээр томилох нөхцөл байдал үүссэн байна. Улстөрийн хүрээнд З.Төмөртөөмөө, Ж.Сандагсүрэн нар орлогчоор үлдэхээр яригдаж байсан ч нэг дор бүгдийг нь чөлөөлөх захирамж гаргасан нь энэ юм.
Тэгэхээр Хотын дарга Д.Сумъяабазар хоёр орлогчоо дахин шинээр томилох нь. Хуулийн дагуу Хотын дарга орлогчоо сонгож, нэрийг нь НИТХ-ын хурлаар оруулж батлуулах ёстой. Харин одоогоор тус албан тушаалд очих хүмүүс нь тодорхой болоогүй нам гүм байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Ямартай ч тус албан тушаалд очих сонирхолтой хүмүүс аль хэдийн амбицлаж Д.Сумъяабазар, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн өрөөг сахиж суугаа гэх. Одоогоор тодорхой болоогүй нь Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар санал нэгдэж, шийдвэр гаргаагүй гэсэн үг юм.