Коронавирусийн халдварын тархалтын улмаас Монгол-Хятадын хоорондын олон улсын нислэг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс одоог хүртэл зогссон байдалтай байна. Манай талаас хоёр улсын агаарын харилцааг нээх, хуваарьт нислэгийг эхлүүлэх саналыг Хятадын талд удаа дараа тавьж байсан.
БНХАУ-ын Иргэний нисэхийн захиргаанаас зорчигч тээврийн нислэгийг аажмаар сэргээх бодлого баримталж эхний алхамд буюу 2022 оны зургадугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хоёр талын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоног тутам нэг удаагийн нислэг үйлдэх боломжтой тухай мэдэгдлийг 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр ирүүлжээ. Ингэхдээ Хятадын талаас "Эйр Чайна" компанид ойрын хугацаанд хоёр долоо хоногт нэг удаагийн зорчигч тээврийн нислэг үйлдэх зөвшөөрөл олгох бөгөөд Монголын талын агаарын тээвэрлэгчид Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд хоёр долоо хоногт 1 удаагийн зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтойг мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан Монголын талаас "МИАТ" ТӨХК-ийг Улаанбаатар Гуанжоу, "АэроМонголиа" ХХК-ийг Улаанбаатар-Хөх хот чиглэлд сард нэг удаа нислэг гүйцэтгүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангажээ. Мөн "Хүннү Эйр" ХХК нь Хайлаар, Манжуур чиглэлд нислэг гүйцэтгэж боломжтой юм.
Үүнийг Засгийн газрын өнөөдрийн /2022.05.25/ хуралдаанаар хэлэлцсэн юм. Мөн Засгийн газрын зүгээс Хятадын талд оюутнуудын асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ. Монголын оюутнууд цар тахлын нөхцөл байдлын улмаас сургуульдаа явж чадахгүй эх орондоо гацсан мөн хичээлээ судлахад хүндрэл үүсээд байгаа ажээ.