УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр хуралдсан. Хуралдааны үеэр яригдсан асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ.
Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Дэмжих боломжтой эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх асуудлыг сайжруулсан, ил тод болгосон, авлигатай тэмцэх гэсэн зүүл заалтууд байна. Үүнээс гадна хэрхэвч дэмжиж болохгүй, ухарсан зүүл заалтууд ч байна. Тухайлбал, үзэл бодлоо илэрхийлсэн, хэвлэн нийтэлсэн, үүнийхээ төлөө гүтгэгддэг заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх ийм боломжийг энэ хуульд оруулж ирж байна. Намайг данх гэж хэлдэг. Хэлж л байна биз дээ. Үүнд эмзэглээд байх шаардлага байхгүй.
Нөгөө талаар энд ярих ёстой нэг асуудал байна. 2010 онд Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ийнхээ 50 хувиас давж, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн учраас өрөө төлөхийн тулд газар нутгийнхаа тодорхой хэсгийг БНХАУ-д шилжүүлсэн байдаг. Мөн 2017 онд Шри-Ланк улс усан боомтоо 1,3 тэрбум ам.долларын гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх зорилготой 99 жилийн хугацаатай Хятадад хүлээлгэн өгсөн байна.
Өрийн хавханд орох дараагийн улсаар Монгол нэрлэгдээд байна. Бид Өмнөговь аймаг, өргөргөөс урагш газруудаа 50, 90 жилээр өрөндөө алдах ийм нөхцөл байдал сая дурдсан орнуудын жишгээр үүсэж магадгүй гэдгийг хариуцлагатай анхааруулж хэлж байна” гэв.
Үргэлжлүүлэн АН-ын бүлгийн гишүүн С.Отгонтуяа “Гадаад өрийн асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Монгол Улс өрийн асуудлаар маш яаралтай арга хэмжээ авахгүй бол ноцтой байдалд хүрэх нь гэдгийг хэлсэн. Засгийн газар өрийн аргачлалыг тооцохдоо зориуд хүмүүсийг төөрөгдүүлсэн, буруу аргачлалыг хэлж байна. Жишээ нь, Дэлхийн банк Монгол Улсын өр хамгийн ноцтой түвшинд орчхоод байна, ДНБ-ий 221 хувьтай тэнцэх өртэй болчихсон байна гэдгийг гаргачихсан байхад манайх “Өр санаа зовох хэмжээнд хүрээгүй. Хуулийн хүрээнд байгаа. Төрийн өмчийн компаниудын өрийг Засгийн газрын өрөнд тооцохгүй гээд хасаад явж байна. Өөрөөр хэлбэл, аргацаасан, хүн хуурсан аргачлалыг бий болгосноороо өр ноцтой хэмжээнд хүрээгүй гэсэн ойлголтыг өгч байна” гэв.
ВИДЕО: