Н.Ганибал: Манай улс сонгуулийн холимог системтэй байх үедээ реформын шинжтэй томоохон өөрчлөлтийг хийж байсан

Н.Ганибал: Манай улс сонгуулийн холимог системтэй байх үедээ реформын шинжтэй томоохон өөрчлөлтийг хийж байсан

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ынхан болон Ардчилсан намын нэр бүхий гишүүд гаргасан. Тэд хаврын чуулганы хугацаанд багтаан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хандахын зэрэгцээ Сүхбаатарын талбайд жагсаал хийж, 21 аймагт аян өрнүүлсэн юм. Улмаар уг аяны хүрээнд цугласан иргэдийн гарын үсгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгч, намуудын дарга нарыг цуглуулан санал бодлыг сонсож, зарим уулзалтыг хийсэн. Өөрөөр хэлбэл, тэд процессын дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилдаа ороод байгаа юм. 

Энэ удаагийн Үндсэн хууль /ҮХ/-ийн өөрчлөлтөөр:

  • УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-ийг дэмжих. Одоогоор Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөн УИХ-ын гишүүн л Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй. Энэ нь Засгийн газар дахь парламентын хяналтыг сулруулах мөн бусад улс төрийн асуудалтай тулж буй учраас өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй.  Хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулна гэж тооцсон гэх.
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмж 100 гаруй болгох. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ онцолсон. Ингэж байж парламентын ардчилал бэхжинэ. Цөөн хүнд очих эрх мэдлийг сааруулж, бие биендээ тавих хяналт сайжирна гэж буй. Т.Доржханд гишүүний өчигдрийн мэдээллээс үзвэл УИХ-ын гишүүдийн тоог 150-215 болгохыг шаардаж буй ч 110 дотроо багтаах нь тодорхой байгаа юм.
  • Сонгуулийн тогтолцоог өөрчилж, "Холимог"тогтолцоотой жижиг тойрог болгох эсвэл өөр хувилбарт тохирох.
  • Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэргийг хийнэ.

Бид энэ агуулгын хүрээнд судлаачид болон улс төрчдийн байр, суурийг сонсож цувралаар хүргэж байгаа. Энэ удаа УИХ-ын гишүүн Н.Ганибал уригдаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал бодлоо хуваалцав. Түүний хувьд том эрх, ашгаа бодож сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэх байр, суурийг илэрхийллээ.

ВИДЕО:

-ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХАД ХОЛИМОГ СИСТЕМИЙГ АШИГЛАДАГ ПРАКТИК ДЭЛХИЙД БИЙ. ХАРАМСАЛТАЙ НЬ ЖИЖИГ МАЖОРИТАР БОЛГОСОН -

Тэрбээр "Парламентын засаглалыг мөн чанарыг нь сайжруулахад зайлшгүй пропорциональ системийг ашигладаг практик дэлхийд байдаг. Сонгодог парламенттай улсуудад зайлшгүй хийгдэх ёстой асуудлууд юм байна лээ.

Харин Монгол улсын хувьд өөрчлөх цаг нь мөн үү, УИХ-ын гишүүдийн тоо нь хэд байх юм гэдгийг бүгдээрээ хэлэлцэж байж шийднэ. Жишээ нь би Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн учраас сонгогчидтойгоо ярилцаж байж энэ асуудлыг цааш явуулах ёстой. Ер нь холимог систем Монголын парламентад өмнө нь хэрэглэгдэж байсан.

Тэр хугацаанд буюу 2012-2016 онд реформын шинжтэй томоохон өөрчлөлтийг хийх шийдвэрийг зоригтой гаргасан. Харамсалтай нь буцаад жижиг мажоритар болж өөрчлөгдсөн. Монголчууд пропорциональ системийг туршиж, явуулж үзсэн. Тэгэхээр гишүүд зөвхөн сонгогдсон тойргийнхоо түвшинд бус Монголын эрх ашгийн төлөө явдаг нь батлагдсан шүү дээ.

Зарим хүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачлан явж байгаа. Тэдний материал, тоо баримтууд, өөрчлөлтүүдтэй нь танилцаж, нийт сонгогчидтойгоо ярилцаж хэлэлцүүлэг хийнэ. Хэрвээ сонгогчид дэмжвэл өөрчлөлтүүдийг хийж иргэдийн хүсэл зорилгын төлөө Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудалд оролцох байх. Аль ч УИХ-ын гишүүний үндсэн үүрэг юм чинь үүргээ биелүүлэх байх гэж бодож байна. Орж ажиллая. Ажиллахдаа сонгогчдынхоо хүсч буй зүйлд хариултыг нь өгөх ёстой. Монгол улсын иргэн бүр оролцож Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийдэг шүү дээ. Тэгэхээр хэлэлцүүлгүүд хийгдээд явах байх" гэлээ.