ХӨШИГНИЙ АРД: Үндсэн хуулийн өөрчлөлтийг зургадугаар сард багтаан хийхээр тохирчээ

ХӨШИГНИЙ АРД: Үндсэн хуулийн өөрчлөлтийг зургадугаар сард багтаан хийхээр тохирчээ

Эрх баригч МАН-ын захиалгыг биелүүлж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар идэвхийлэн гүйж буй Т.Доржханд болон бусад гишүүний хүсэл тун удахгүй биелнэ. Тодруулбал, МАН, АН, ХҮН нам зарчмын хувьд санал нэгдсэн бөгөөд одоо процессын дагуу ажлаа хувааж хийгээд хаврын чуулганыг хаахын өмнө Үндсэн хуулиа өөрчлөхөөр төлөвлөсөн гэх мэдээлэл байна.

Т.Доржханд нарын гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж, өчигдөр хариугаа авсан. УИХ-ын дарга Г.Занданшатарын хариулт нь “Та бүхэн уг шаардлагад тусгасан асуудлуудаа эрх зүйн хүрээнд зохицуулахын тулд хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай. Энэ нөхцөлд бидний зүгээс дэмжин ажиллаж, нээлттэй хэлэлцэх бүрэн боломжтой” гэжээ.

Энэ бол тун удахгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцэнэ гэсэн үг. Өчигдөр мөн үүнтэй зэрэгцэн улс төрийн 20 гаруй нам сонгуулийн тогтолцооны талаар хэлэлцсэн.

Тэгэхээр намуудын саналыг нэгтгэж, иргэдийн гарын үсгийг цуглуулсан хэмээн хавсаргаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өргөн барьж УИХ-аар хэлэлцэн батлах нь нэгэнт тодорхой боллоо. Юу тодорхой вэ гэвэл МАН-ынхан олонхоороо батлахаар хөшигний ард ярилцаж буй нь үнэн юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2023 оноос өмнө хийхгүй бол түүнээс хойш сонгуулийн жил таарч боломжгүй болно.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зай хамгийн богинодоо найман жил байх ёстой гэж хэлдэг. Яг энэ ойлголт 2019 онд өөрчилсөн Үндсэн хуулийг дахин өөрчлөхөд саад болж, эрх баригчдыг хариуцлага, хэл аманд унах эрсдэлтэй. Энэ ч үүднээс МАН-ынхан хөшигний ард нуугдаж, тайзан дээр Т.Доржханд тэргүүтэй хүмүүсийг тоглуулж байгааг энэ өдрүүдийн үйл явдал харуулж байна.

Нөгөө талд хуульч, судлаач, улс төрчид хэлэхдээ 2019 онд дутуу орхисон тогтолцоотой холбоотой асуудлаа өөрчилчих хэрэгтэй гэх байр, суурийг илэрхийлж буй. 

-Энэ удаагийн Үндсэн хууль /ҮХ/-ийн өөрчлөлтөөр:

  • УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-ийг дэмжих. Одоогоор Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөн УИХ-ын гишүүн л Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй. Энэ нь Засгийн газар дахь парламентын хяналтыг сулруулах мөн бусад улс төрийн асуудалтай тулж буй учраас өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй.  Хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулна гэж тооцсон гэх.
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмж 100 гаруй болгох. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ онцолсон. Ингэж байж парламентын ардчилал бэхжинэ. Цөөн хүнд очих эрх мэдлийг сааруулж, бие биендээ тавих хяналт сайжирна гэж буй.
  • Сонгуулийн тогтолцоог өөрчилж, "Холимог"тогтолцоотой жижиг тойрог болгох эсвэл өөр хувилбарт тохирох зэрэг цөөн өөрчлөлтийг хийх юм.

Дээрх өөрчлөлтийг хийх зайлшгүй шалтгааныг тайлбарлахдаа        парламентын ардчиллыг бэхжүүлж 20 хүнийг лоббидож хууль баталдгийг болиулах, гадна, дотны геополитикийн дарамтаас гарахын тулд аль болох олон гишүүнтэй байх, том парламенттай байх, парламентын чадамжийг нэмэх хэмээж буй. 

Мөн сонгогчдын 50 хүрэхгүй  хувийн саналыг авсан нам төрийн эрх мэдлийг 100 хувь авдгийг болиулж санал гээхгүй болгох. Төсвийн хөрөнгийг  жижиг, жижгээр хэрчиж 76 хуваадаг тогтолцоог халах гэж тайлбарлаж байгаа. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Үндсэн хуулийг өөрчилж яг дээрх өөрчлөлтүүдийг хийхийг дэмжиж буйгаа хэд, хэдэн уулзалтын үеэр цухуйлгасан.Ямартай ч процесс энэ дагуу явж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь нэгэнт тодорхой болов.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө