“Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо”-ноос санаачлан оюутан залуучуудад зориулсан ”Education First” боловсролын форумыг өнгөрсөн бямба гаригт Тусгаар Тогтнолын ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээ Монголд анх удаа Англи, Монгол, Орос, Солонгос гэсэн дөрвөн хэл дээр явагдаж байгаагаараа онцлог юм. 21 аймаг болон Улаанбаатар хотын 700 орчим залуус оролцож, гадаадын их дээд сургуулиудад хэрхэн суралцах, тэтгэлэгт хэрхэн хамрагдах сэдвийн хүрээнд явагдаж, амжилттай өндөрлөсөн байна.
НАМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал “Монголын залуучууд өндөр боловсролтой болсон байна. НАМЗХ-ны удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй залуучууд дунд Харвардын их сургууль, Берлиний их сургууль, Чинхуа их сургууль гээд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй дэлхийн топ 10-т ордог сургуулийг төгссөн залуучууд олон байна. Эдгээр залуучуудын хүсэл эрмэлзэл бол энэ сурч ирсэн замналаа бусад дүү нартаа хуваалцах, гадаад суралцах, тэтгэлэх авахад зөвлөгөө өгөх, дэлхийн их дээд сургуулиудын жишиг стандартын талаар ойлголт өгөх зэрэг зорилготой. Өнөөдөр “Education first” форумаар дамжуулан залуучуудад мэдээ, мэдээлэл өгч байна” гэлээ.