Өчигдөр /2022.05.04/ ЗТХЯ-ны дэд сайд асан "Шилэн Цогоо" гэх Б.Цогтгэрэлийг Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-ийн гишүүнээр томилж, албажуулжээ.
Б.Цогтгэрэл нь 1998 онд нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 2011 онд “Роял” олон улсын дээд сургууль, 2013 онд Лондонгийн “Ковентри” их сургуулийн Төрийн удирдлагын институт, 2014 онд “Их засаг” их сургуулийг тус тус төгссөн, олон улсын бизнес, менежер, төрийн захиргааны удирдлагын магистр хамгаалжээ.
Тэрээр сайтын эрхлэгчээс улс төрд орсон гэдэг бөгөөд 2012-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байв. Энэ үед тэрбээр Шилэн дансны мэдээлэл тэр дундаа байгууллагуудын санхүүгийн зөрчлүүд, үрэлгэн зардлыг олон нийтэд ил болгож зарим асуудлаар нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлж чадсан учраас "Шилэн Цогоо" гэх хочтой болсон. Ингээд 2016 онд Зам тээврийн дэд сайдаар томилогдож ажиллаад 2018 онд тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Учир нь тус яамны ажилтнууд ажлын байрандаа архи ууж согтуурсан үедээ биенийхээ амь насанд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор тэрбээр хариуцлагаа хүлээн албан тушаалаа хүлээлгэн өгч байв.
Тун удалгүй Зам тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан ажиллаж, Б.Цогтгэрэл зөвлөхөөр нь томилогдсон. Тэрбээр энэ хугацаанд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга, ТУЗ- тай холбоотой албан тушаалыг хашсан. Энэ үедээ хуучин 1000 вагоныг Монголд оруулж ирсэн хэрэгт холбогдож тэр бүү хэл тус байгууллагаар автомашин зэрэг албаны хэрэгцээгээ хангуулдаг зэрэг хэл аманд өртөж байлаа.
Тэрбээр 2020 онд Сэлэнгэд нэр дэвшихээр тойргоо усалж байсан ч У.Хүрэлсүхээс дэмжлэг авч чадаагүй юм. Зам тээврийн салбарт л ажиллана гэж ярьдаг тэрбээр өнгөрсөн онд УИХ-ын даргад зөвлөж байсан ч ийнхүү хүсч байсан Улаанбаатар төмөр зам ХНН-дээ өчигдөр очсон байна.