УИХ-ын гишүүн Т.Доржхандын зөвлөх асан, ХҮН-ын нарийн бичгийн дарга Д.Үүрцайх намаа орхиж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Ямар шалтгаанаар ХҮН-аас гарах болсон талаар түүнээс тодрууллаа.
-БИ "ИНГЭЖ БОЛОХГҮЙ" ГЭЖ ХЭЛСЭН Ч ОЛОНХООРОО ШИЙДВЭРЛЭСЭН-
ХҮН-ын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх намаасаа гарч буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Ямар шалтгаанаар ХҮН-аас гарах болсон талаар түүнээс тодрууллаа.
-Үзэл баримтлал таарахаа больсон учир ХҮН-аас гарч буйгаа мэдэгдсэн. ХҮН үзэл баримтлалаа өөрчлөх болсон шалтгаан юу вэ?
-Шинэчилсэн баруун төвийн гэх үзэл баримтлалын өөрчлөлтийг нь дэмжих боломжгүй гэж үзсэн учраас ХҮН-аас гарах хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг минь удахгүй шийдвэрлэж өгөх байх. ХҮН өмнө нь зүүн төвийн, социал демократ үзэл баримтлалтай байж байгаад саяын Их хурлаараа бүр савлаад баруун төвийн консерватив, либерал маягийн нам болохоо зарлаж байна.
-Энэ шийдвэрийг гаргахдаа гишүүдтэйгээ зөвлөлдөөгүй юм уу. Мэдээж шат дараатай хуралдаж байж энэ шийдвэрийг гаргасан байх. Тийм үү?
- Намын Удирдах зөвлөлийг Гүйцэтгэх зөвлөлөөр өргөтгөн хуралдаад, өнөөгийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж баруун тийш бага зэргийн үзэл санааны шилжилт хийж, төвийн үзэл баримтлалтай нам болохоор шийдээд төслөө боловсруулаад явж байсан. Их хурлын өмнөх өдөр Төлөөлөх зөвлөлийн хурлаа хийж “Баруун төвийн нам болъё” гэдэг саналыг хэдэн хүнээр гаргуулж дэмжүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ талаар хэлэлцэх, саналаа гаргах боломжийг Их хурлын төлөөлөгчдөд олгоогүй. Миний хувьд “Ингэж болохгүй” гэж хэлсэн ч олонхоороо шийдсэн. Нэгэнт нам шийдвэрээ гаргасан мөн үзэл баримтлал таарахгүй учраас цаашид ХҮН-ийг дэмжих, хамтарч ажиллах боломжгүй гэж шийдсэн.
-Та Т.Доржханд гишүүнтэй ХҮН-ын даргын хувиар нь уулзсан уу? Тэгэхээр энэ хүний хийсэн ажил гэж ойлгож болох уу?
-Т.Доржханд гишүүнтэй санал бодлоо солилцоогүй байна. Ямартай ч тэр хүн хурлын үеэр зөв, буруу гэдэг талаар байр, сууриа илэрхийлж дуугараагүй. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсний шинж гэж болно. Намын дарга нь учраас гол зохион байгуулагч нь байлгүй дээ.
-Таны эсэргүүцээд буй баруун төвийн үзэл баримтлалыг дэмжиж болохгүй шалтгаан юу вэ?
-Зүүн төвийн үзэл баримтлал бол ядарсан нэгнээ буурин дээр нь хаяад нүүдэггүй. Хүн бүр адилгүй учраас нэг хэсэг нь нийгэмд хөл алдана, ядарна. Харин тэр ядарсан хэсгээ нийтээрээ чирээд цааш явдаг байх ёстой гэдэг үзэл. Мөн боловсрол, эрүүл мэнд, нийтийн тээвэр, зам талбай гэх нийгмийн үйлчилгээг зөвхөн ашиг олдог бүтээгдэхүүн, бараа болгочихож болдоггүй юм. Харин баруун төвийн үзлээр үүнийг 100 хувь хувьд байх ёстой, төр зөвхөн монополийг зохицуулах байдлаар л зах зээлд оролцох ёстой гэж үздэг. Нийгмийн үйлчилгээг 100 хувь хувийн хэвшилд найдаж мөнгө олох хэрэгсэл болгочхоор ядарсан зүдэрсэн хүмүүст хүртэхээ больчихдог юм. Үүний нэг тод жишээ нь манай нийслэлийн нийтийн тээвэр юм. Ашигтай чиглэлдээ бүх автобус нь түгжрээд зогсож байдаг. Ашиггүй чиглэлд нэг ч автобус явдаггүй учраас хүмүүс мөнгөө нийлүүлээд таксигаар явж байна. Үүнийг “үзмийг нь түүх” хандлага гэж төрийн удирдлагын онолд нэрлэдэг. Нийтийн тээврийн үйлчилгээ хүртэж чадахгүй хүмүүс чинь хямдхан ч болов нэг машин унаж хотын түгжрэлийг нэмдэг, шатахуун тосондоо өчнөөн мөнгө зараад илүү өндөр үнээр амьдрах хэрэгтэй болдог. Ингэхээр ядуурал илүү нэмэгддэг. Боловсрол ч ялгаагүй. Мөнгөтэй айлын хүүхэд нь чанартай боловсрол эзэмшдэг. Ингэснээр нийгмийн баян ядуугын ялгаа улам ихсэж, кастын систем тогтоход ойрхон байна. Ийм суурь асуудлууд байна. Бүх мөрийн хөтөлбөрийг нь уншвал уг нь айхтар баруун болж хазайсан нь гайгүй. Гэхдээ үзэл баримтлалаа барун төв гээд нэрлэчихээр цаашид олон нийт, өрсөлдөгч намуудаас барууны улс төр, эдийн засгийн бодлого шаардана. Тэр үед үнэт зүйлсээ үгүйсгэх, хазайхад хүрэх эрсдэлтэйд учир нь байгаа юм.
-Намууд тэр бүр үзэл баримтлалаа өөрчилдөггүй. Харин ХҮН үзэл баримтлалаа өөрчлөхөд өөр нам нөлөөлсөн үү. Танд хардлага бий юу?
-Үзэл баримтлалаа өөрчлөх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Халамж хавтгайрлаа, хүмүүс халамжинд дургүй байна. Баруун төвийн үзэл баримтлалтай болбол элсэхэд бэлэн гэж хүмүүс хэлж байна” гэж үндэслэж байсан. Цаад учрыг нь мэдэхгүй байна. Миний ойр орчны хүмүүс “Танай нам зүүний үзэл баримтлалтай учраас элсэж чадахгүй байна” гэх зүйлийг яриагүй. Харин удирдлагуудтай уулздаг хүмүүс найз нөхөд нь хөрөнгөлөг, чинээлэг байж магадгүй.
-ХҮН НАМ БУСАД НАМД УУСААД БАЙНА-
-Таниас гадна өөр гишүүд бий юу?
-Би мэдэхгүй байна. Надад хамтдаа гарцгаая гэсэн хүн байхгүй. Тэд улс төрийн шийдвэрээ бие дааж гаргах байх.
-Та ХҮН-аас гарчихаар 2024 онд яаж, хаанаас нэр дэвших үү?
-Монголчууд мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй болчихоод байгаа нь хамгийн эмгэнэлтэй байна. Мөнгөтэйл бол бусад нь хамаагүй гэсэн үзэлтэй болжээ. Жижигхэн эдийн засагтай, ядуу орны хувьд хэнд ч худалдагдахад бэлэн болсон гэсэн үг байх. Олигархи бүлэглэл, авлигалын сүлжээндээ идэгдсэн Монголд улс төр хийгээд өөрчилж чадахгүй юм байна гэж бодогдох болж, шантарч байна. Гайгүй намд, дэвшилтэт үзэлтэй залуустай нэгдээд асуудлуудыг өөрчлөх юм байна гэж бодож байтал тэд маань улам бүр бусад хуучин намуудтай адилхан болоод уусаад байх шиг. Цаашид идэвхтэй улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй ч байж магадгүй. Явууллаа гэхэд шинэ дэвшилтэт хэлбэрээр явуулна.
-Телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт таны биед халдсан. Уг хэргийг цагдаад шалгаж байгаа гэсэн. Явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Би цагдаад гомдол гаргаагүй. Цагдаагийн байгууллага тус бичлэгийг сошиал дээрээс үзээд зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй бна гээд гомдол гаргасан эсэхээс үл хамааран шалгаж эхэлсэ юм билээ. Би хохиргчийн хувиар мэдүүлэг өгсөн. Шүүх эмнэлэгт үзүүл гэсний дагуу үзүүлсэн. Дуудсан цагт нь очиж байгаа. Шалгах ажиллагаа нь үргэлжилж байгаа юм билээ.