УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах тухай хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос парламентад оруулсан ч журмын нөхөд нь тэднийг авч үлдэхээр шийдвэрлэсэн билээ.
Тодотговол, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар дээрх гишүүдийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцээд “бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр цаашид шалгах боломжтой” гэж үзэж авч үлдэхээр болсон юм.
Хөгжлийн банктай холбоотойгоор яллагдагчаар татагдсан гишүүдийн асуудлыг дахин УИХ-аар хэлэлцүүлж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор нээлттэйгээр оруулж ирэх гэж байгаа талаарх мэдээлэл сүүлийн өрдүүдэд гарах болсон.
Тэгвэл энэ талаар УПЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Ерөнхий прокурор мөрдөх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж, яллагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулдаг. Одоогоор мөрдөн байгууллагаас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал албан ёсоор ирээгүй" гэх мэдээллийг өглөө. Үүнээс үзэхэд яллагдагчаар татагдаад буй гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал одоогоор байхгүй аж.