Банкуудыг нээлттэй хувьцаат компани болгох хугацааг сунгах эсэх талаар Засгийн газрыг саналаа ирүүлэхийг чиглэл болгов

Банкуудыг нээлттэй хувьцаат компани болгох хугацааг сунгах эсэх талаар Засгийн газрыг саналаа ирүүлэхийг чиглэл болгов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны 03 дугаар сарын 18-н УИХ-ын дарга болон тус байнгын хороонд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичиг ирүүлсэнтэй танилцав.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбар хийлээ. Тэрбээр, Монгол Улсын санхүүгийн шинэтгэлийн цогц арга хэмжээний хүрээнд 2021 онд хэлэлцэн баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд энэ оны зургаадугаар сарын 30-ндт багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат болгон компанийн хэлбэрийг өөрчлөхөөр зохицуулалт орсон. Монголбанкнаас дээрх шаардлагыг хуульд заасан хугацаанд багтаан амжилттай хэрэгжүүлэхэд системийн нөлөө бүхий 5 банкны төлөөлөл, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж, шаардлагатай ажлыг тухай бүр авч хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа дурдав.

Мөн тэрбээр тайлбартаа, дотоод болон гадаад улс орнуудад үүсээд буй нөхцөл байдал, олон улсын санхүүгийн байгууллагуудаас системийн нөлөө 5 банк нь богино хугацаанд багтаан анхдагч хувьцаагаа олон нийтэд арилжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл учрах болзошгүй гэсэн зөвлөмж, танилцуулгыг ирүүлснийг онцлов. Энэ хүрээнд Монголбанк системийн нөлөө бүхий 5 банкны хувьцааг нийтэд нээлттэй арилжихад тодорхой нөхцөл, шаардлагыг хангуулсны дараа эхлүүлэх нь хөрөнгө оруулагч болон банкны салбарын санхүүгийн тогтвортой байдалд нэмэр болох болов уу гэсэн үүднээс УИХ-д санал хүргүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн. Монгол Улсаын санхүүгийн зах зээл дээр 11 банк байдгийн 5 нь системийн нөлөө бүхий том банк гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч тайлбартаа тодотгохын зэрэгцээ эдгээр банкууд нь нэг дор нэгэн зэрэг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих нь хоорондын өрсөлдөөнөөс гадна үнэ цэнд нь нөлөөлөх магадлалтай гэх үүднээс хугацааг нь сунгаж өгөх саналыг тавьсан гэв.

Танилцуулгын дараа Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. Тогтоолын төсөлд олон улс дахь санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн, банкны хувьцааг худалдан авах гадаад болон дотоод эрэлт, зах зээлийн багтаамж, банкны салбарын тогтвортой байдал зэргийг харгалзан үзэж системд нөлөө бүхий банкуудын нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх эсэх талаарх саналаа ирүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.

Уг тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжлээ.




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө