БАРИМТ: УБЕГ “худал” тайлбар гаргаж, Х.Баттулгын МоАХ-ны бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзжээ

БАРИМТ: УБЕГ “худал” тайлбар гаргаж, Х.Баттулгын МоАХ-ны бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзжээ

Энэ оны гуравдугаар сарын 7-ны өдөр болсон МоАХ-ны тавдугаар Их хурлаар тус холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулж, МоАХ-ны даргаар  Д.Монголхүүг сонгосон гэж мэдээлж байгаа.

Улмаар иргэн Д.Монголхүү нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, 2015 оны долдугаар сарын 2-ны өдрийн 12411 дүгээр шийдвэрээр "Монголын ардчилсан холбоо" НҮТББ-н хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг бүртгэснийг “хүчингүй болгуулах” хүсэлтийг гаргажээ. 

Энэ тухай твиттерт мэдэгдэл гаргажээ: 

Харин түүний энэхүү гомдол хүсэлтийн хариуд УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд “Монголын Ардчилсан холоо” НҮТББ-ын улсын бүртгэлийн нотлох баримтыг хянахад Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 75 дугаар тогтоолоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн байна. Иймд таны гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ.

Иргэн Д.Монголхүүгийн өргөдөл болон УБЕГ-ын хариу тайлбар. 2022.04.22

Товчхондоо, МоАХ-ны асуудал хууль шүүхийн байгууллагатай холбоотой байгаа учраас тус холбооны гүйцэтгэх захирал Х.Баттулгын бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй гэх хариуг УБЕГ өгсөн аж. Тэгвэл МоАХ шүүх дээр ямар асуудалд нэр холбогдов, тус холбоонд үүссэн асуудлаас үүдэж, УБЕГ Д.Монголхүүгийн хүсэлтийг хүлээж авсангүй юу гэдгийг сурвалжиллаа.

“МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО” УБТЗ-ЫН ЭЗЭМШИЛД БАЙДАГ ХОЁР ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЭЛЖЭЭ

Тэгвэл Сэлэнгэ аймаг дахь Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Монголын Ардчилсан холбоо нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ нийгэмлэгийн эзэмшлийн барилгад хоёр өрөө байр түрээсэлсэн ч түрээсийн төлбөрөө барагдуулаагүй олон жил болсон байна. Улмаар энэ асуудлаараа хууль шүүхийн хаалга татжээ.

МоАХ-ны Сэлэнгэ аймаг дахь салбар нь тус байрыг түрээсэлж, төлбөрөө төлж чадалгүй шүүхэд дуудагджээ

Тодотговол, Сэлэнгэ Сүхбаатар сумын Ардчилсан холбоо болон Сэлэнгэ аймаг дахь Ардчилсан холбоо нь 2014 онд Монгол Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг Сүхбаатар өртөөн дэх "Ган зам"  дэлгүүрийн тус бүр нь 60 мкв талбай бүхий  2 өрөө байрыг түрээсэлсэн байна. Ингэхдээ Түрээсийн гэрээний дагуу  сарын 360 мянган төгрөг, цахилгаан, халаалт, усны төлбөрийг  тухайн сард нь  нэмж тооцохоор тохиролцжээ. Гэтэл Монголын Ардчилсан холбоо нь түрээсийн төлбөрөө төлөөгүй хоёр жил гаруй болсон аж.

-ШҮҮХЭЭС МоАХ-Г ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР БОЛОХ 20.7 САЯ ТӨГРӨГИЙГ УБТЗ-Д ТӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ-

Тиймээс түрээслэгч байгууллага болох Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь дээрх газруудаас 20.7 сая төгрөгийг гаргуулж, хохирлоо барагдуулахаар Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн шүүхэд ханджээ. Харин шүүхээс дээрх байгууллагын нэхэмжлэлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь болон Сүхбаатар сум дахь МоАХ-ноос түрээслэгчийн нэхэмжилсэн мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү/

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. 2017 он

Улмаар хэрэгжилтийг хангахаар ШШГЕГ-т хандсан бөгөөд энэ дагуу дээрх Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 75 дугаар тогтоол гарч, “Монголын Ардчилсан холоо” НҮТББ-ын түр түдгэлзүүлээд байжээ.

МоАХ-НЫ ЭРХ ЖИЛИЙН ӨМНӨ СЭРГЭСЭН Ч УБЕГ ИРГЭН Д.МОНГОЛХҮҮД ЭРХИЙГ ТҮДГЭЛЗСЭН ГЭЖ ХУДАЛ ХАРИУЛТ ӨГЧЭЭ

Товчхондоо, өр төлбөрий асуудал дуусаж, 2021 оны тавдугаар сард “Монголын Ардчилсан холбоо” НҮТББ-ын эрхийг сэргээсэн байна. Гэтэл УБЕГ 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр “МоАХ-ны эрхийг түдгэлзүүлсэн учир гүйцэтгэх захирал Х.Баттулгын бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй” гэх хариултыг иргэн Д.Монголхүүд өгсөн нь анхаарал татаж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд УБЕГ-тай холбоотой иргэдийн гэрлэлтийг хууль зөрчиж цуцалсан гэх асуудал хүртэл гарч байсан бол энэ удаад МоАХ-ны удирдлагаас Х.Баттулгыг хасах талаарх Д.Монголхүүгийн мэдээлэл мөн л худалд мэдээлэл өгсөн болж таарах нь ээ.




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө