Нямаагийн Энхболд гишүүн 2000 оноос хойш тасралтгүй хорин жил Төв аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байгаа нэгэн. Тэрээр энэ хугацаандаа Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Батлан хамгаалахын сайд, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаалыг давхар хашжээ.
-Н.ЭНХБОЛД "КОВИД ТУСАЖ" ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙГ ГАЦААНД ОРУУЛАВ-
Гэсэн хэдий ч ойрноос түүнийг тойрогтоо ажилладаггүй, гялтайх ганц ч ажил хийгээгүй, Төв аймгийн иргэдтэй эргэх холбоогүй, хүнийх рүү хандлага гаргадаг гэж сонгогчид нь шүүмжилдэг болжээ. Тодруулбал, Төв аймгийн иргэдийн сонголтоор УИХ-д тасралтгүй 20 жил сууж байгаа Н.Энхболдыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар томилсон. Учир нь Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-ын гишүүдийг огцруулах, эс огцруулах асуудлыг хэлэлцдэг тул хамгийн олон жил парламентад сонгогдсон, “хор шар” нь гарсан гишүүдийг даргаар нь томилдог байна. Энэ утгаараа Н.Энхболд тус хороог ахалж байна.
Гэтэл тэрээр сүүлийн үед УИХ-ын үйл ажиллагааг ч гацаах болжээ.
Тухайлбал, өнгөрсөн жил /2021 он/ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсран гүйцэтгэж болно гэх “давхар дээл”-ийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 27 /2021.12.27/ -ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Учир нь тус хуралд УИХ-ын төлөөлөгчөөр оролцох Н.Энхболд коронавирусын халдварын нэгдүгээр хавьтал болсон тус хуралд оролцох боломжгүй гэсэн хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн гэдэг.
Үнэндээ, тэрбээр “давхар дээл”-ийн асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр унагаж орхисон нь энэ юм. Учир нь уг асуудал одоо ч Үндсэн хуулийн цэц дээр гацсан хэвээр байгаа. Энэ талаар өөрөөс нь асуухад “Ц.Нямдоржоосоо асуу” гэж уурлаж байв.
-Н.ЭНХБОЛД "КОВИД ТУСАЖ" ХБ-НЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ДӨРВӨН ГИШҮҮНИЙ АВЧ ҮЛДЭВ-
Харин өнгөрсөн долоо хоног /2022.04.27/-т УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх гэтэл Н.Энхболд сурсан зангаараа "ковидын халдвар" авч хуралдаа ирэлгүй алга болов. Энэ удаа "Н.Энхболд жинхнээсээ ковид туссан" гэдгийг УИХ-ын гишүүн Сү.Батболд дуулгасан юм.
Үнэндээ Н.Энхболд гишүүний "ковидын халдвар авсан" гэдэг нь Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын дөрвөн гишүүнийн авч үлдэх, хугацаа хожилт байсан юм.
Учир нь Н.Энхболд байхгүй байгаа тул гишүүний санал 50/50 хувь бол тэнцэж, хурал цааш үргэлжлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байв. Харин эцэст нь Н.Энхболд хуралдаа ирснээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарыг "суглалгүй" бүрэн эрхтэй нь авч үлдсэн билээ.