"АН-ын даргаар Д.Ганбат, Бүлгийн даргаар И.Ганибал, “Огцордоггүй” ҮХБ-ны даргаар С.Эрдэнэ" өөрөө болох тохируулгыг хийжээ

"АН-ын даргаар Д.Ганбат, Бүлгийн даргаар И.Ганибал, “Огцордоггүй” ҮХБ-ны даргаар С.Эрдэнэ" өөрөө болох тохируулгыг хийжээ

Өнгөрөгч амралтын өдөр /2022.04.30-05.01/-үүдэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 330 сумын АН-ын хорооны дарга нарын уулзалтыг хийсэн бол, С.Эрдэнэ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн хурлыг хийжээ.

Товчхондоо, Х.Баттулга АН-ын даргаар өөрийгөө бүртгүүлэхэд нөлөөлөх жагсаал, цуглааны байдалдаа орж байгаа бол, С.Эрдэнэ гуравдугаар сарын 31 /2022.03.31/-ны өдөр Улсын дээд шүүх /УДШ/-ийн бүртгэсэн АН-ын дүрмийн өөрчлөлтөд тохируулж, бүтцээ хийж байгаа бололтой.

-АН-ЫН ДАРГЫГ ИХ ХУРЛААС СОНГОНО ГЭЖ ДҮРМЭЭ ӨӨРЧИЛЖЭЭ-

Тэгвэл Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх нь эргэлзээтэй болоод байгаа аж. Учир нь С.Эрдэнэ нарын саяхан УДШ-д бүртгүүлсэн АН-ын дүрэмд “тус намын даргыг их хурлаас сонгоно” гэсэн өөрчлөлтийг оруулжээ. Тодруулбал, АН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн 5.17.6-д “Намын даргыг дараах үндэслэлээр ҮБХ-ны хурлаар чөлөөлж намын Их хурлыг зарлана” гэжээ. Товчхондоо, тус намын даргыг нийт гишүүдийн дунд сунгаа явуулж тодруулах биш АН-ын Их хуралд ирсэн төлөөлөгчдийн саналаар томилдог болжээ.

АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн хэсгээс

Мөн дүрмийнхээ 3.10.1.1-д “Сонгуулийн үр дүнгээр намын дарга, дэд дарга болон намын ЕНБД-д хариуцлага тооцож итгэл үзүүлэх эсэх асуудлыг ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж болно” гэж нэмж өөрчилжээ.  Тэгвэл С.Эрдэнэ АН-ын тамгыг УИХ-ын гишүүн Д.Ганбатад өгч түүнийг намын даргаар томилоод, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн И.Ганибалыг болгож, С.Эрдэнэ өөрөө “хэзээ огцрох нь тодорхойгүй” ҮБХ-ны дарга гэх шинэ албан тушаалд очих тохируулгыг хийгээд байгаа ажээ.

-ХЭЗЭЭ, ХЭРХЭН ОГЦРУУЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ ҮБХ-НЫ ДАРГА ГЭХ АЛБАН ТУШААЛЫГ ДҮРЭМДЭЭ ОРУУЛЖЭЭ-

Учир нь тэрээр гуравдугаар сарын 31 /2022.03.31/-ны өдөр УДШ-д бүртгүүлсэн АН-ын дүрмийн 5.13.1-д “АН-ын төлөөллийн төв байгууллага буюу хуульд зааснаар намын эрх бүхий байгууллага нь Үндэсний бодлогын хороо мөн” гэж өөрчлөлтийг оруулжээ.Улмаар ҮБХ нь даргатай байхаар АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.

АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн хэсгээс

Харин ҮБХ-ны дарга нь ҮБХ-ны ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, ҮБХ-ны гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг авах эрхтэй байхаар дүрэмдээ тусгажээ. Мөн “УИХ дахь АН-ын бүлгийн хуралд ҮБХ дарга нь таслах эрхгүй оролцоно” гэсэн заалтуудыг тус тус өөрчлөн найруулжээ.

АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн хэсгээс

Тэгвэл дүрмийнхээ 5.13.14-т “… ҮБХ-ны гишүүдээс 5 гишүүний бүрэлдэхүүнтэй Хурлын тэргүүлэгчдийг сонгож ажиллуулна. Тэргүүлэгчдийн хурлаас ҮБХ-ны даргыг сонгож ажиллуулна гэжээ. Харин ҮБХ-ны даргад хэрхэн хариуцлага тооцож, хэзээ огцруулах нь тодорхойгүй байдлаар тусгажээ. Улмаар нэмэлт, өөрчлөлт оруулсан АН-ын дүрмийн 5.13.12.29-д “Улсын Их хурлын даргад ҮБХ-ны даргыг 4 жилийн хугацаатай нэр дэвшүүлэх” гэж тусгажээ. Товчхондоо, Гуравдугаар сарын 31 /2022.03.31/-ны өдөр С.Эрдэнийн УДШ-д бүртгүүлсэн АН-ын дүрэмд ҮХБ-ны дарга нь АН-ын даргаасаа илүү эрх мэдэлтэй, магадгүй хугацаагүй албан тушаал байхаар тусгажээ.




Өнөөдөр гахай өдөр

7 цагийн өмнө