"Хөөрхөн зулзага" амьтан асаргааны төв 2020 оны арваннэгдүгээр сард байгуулагдаж хоёр жилийн хугацаанд 400 гаруй амьтан аварсан байна. Уг төвийг иргэн Л.Амарсанаа болон түүний гэр бүл анх санаачлан байгуулж байсан бол өдгөө Т.Зоригт, н.Мэнджаргал гэх найзууд нь хамтран таван гишүүнтэй болжээ. Одоогийн байдлаар 80 гаруй муур, 90 гаруй нохойтой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус төв нь сардаа 20 орчим сая төгрөгийн зардал гардаг байна. Уг зардлыг сайн санаат, амьтанд хайртай иргэдийн хандив тусламж болон өөрсдийн хөрөнгөөр зохицуулдаг аж.
ВИДЕО:
-ӨВЧТЭЙ НОХОЙ МУУРНУУДЫГ ЭМЧИЛЖ АСАРДАГ “ХӨӨРХӨН ЗУЛЗАГА” АМЬТАН АСРАХ ТӨВ ОДООГООР 400 ГАРУЙ АМЬТНЫ АМИЙГ АВАРЧЭЭ-
“Хөөрхөн зулзага” амьтан асрах төв нь зөвхөн өвдөж гэмтсэн муур, нохойг авч эмчилж, эдгээж амьдрах таатай нөхцөлд өсгөж, сайн эзэнтэй болоход нь тусалдаг байна. Бид тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, үүсгэн байгуулагч Л.Амарсанаатай ярилцлаа.
-Хөөрхөн зулзага амьтан асрах төвийг хэзээ, яаж байгуулсан бэ?
-Ер нь багадаа амьтны асрамжийн газар байгуулна гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэр үед боломж нь байгаагүй юм. Хоёр жилийн өмнө зориглоод асрамжийн газраа байгуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Манай гэр бүлийн бизнес хийдэг байсан газарт байгуулахаар болоод байсан мөнгөөрөө контейнер захиалсан. 2020 оны арваннэгдүгээр сард анхны муур нохойнуудаа авчирч байгууллагаа албан ёсоор бүртгүүлсэн. Ямартай ч багаар эхлээд орж ирсэн боломж болгоноороо асрах газраа томруулж эндээ зарцуулдаг байсан. Одоогоор 400 гаруй амьтан аварч 200 шахуу муур, нохойтой ажиллаж байна.
-Энэ төвийг байгуулахад хамтарч тусалж дэмжсэн хүмүүс байгаа юу?
-Энэ ажлыг хийхэд манай дүү нар болон гэр бүлийнхэн маш их тусалсан. Яг үйл ажиллагаагаа эхлүүлсний дараа хоёр найз маань бас хамтраад одоо манай байгууллага таван гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн сайн дурын хандив тусламж өгдөг хүмүүс бас байдаг.
-Танай төвд байгаа муур нохойнууд ихэнх нь эмчилгээнд ордог гэж сонссон. Одоо байгаа амьтад нь эрүүл болсон харагдаж байна. Муур, нохойнуудаа хаанаас яаж авч ирдэг вэ?
-Дайруулсан, зодуулсан, өвдсөн байдалтай муур, нохойнууд энд тэнд байна гэсэн мэдээлэл манайд ирдэг. Бид очиж авдаг. Зарим тохиолдолд хүмүүс хүргэж ирэх үе ч байгаа. Манайд ирж байгаа бүх нохой муурнуудаа эхлээд эмнэлэгт үзүүлдэг. Вакцин, туулга хийгээд шинжилгээ өгч эрүүл байвал нааш нь авч ирдэг. Хэрвээ эрүүл биш бол эмнэлэг дээрээ эмчлүүлээд эдгэрсний дараа нааш нь авч ирдэг.
-Муур, нохойны хоол болон хэрэглээ, асрагч гээд асрах төвд сардаа хэдэн төгрөгний зардал гарч байна. Санхүүжилт хаанаас авдаг вэ?
-Сардаа 20 орчим сая төгрөгийн зардал гардаг. Түүнээс гадна вакцин, цацлага эмчилгээнд нэлээд их мөнгө ордог. Манай асрах төвийн муурны шалнаасаа халаалттай байшин л гэхэд сардаа тогны мөнгө нь хоёр сая орчим өвөлдөө гурван сая гарна. Сайн санаат амьтанд хайртай хүмүүс хоол хүнсээр мөнгө санхүүгээр туслах тохиолдлууд бас байдаг. Бүх хандив өгдөг хүмүүстэй маш их талархаж явдаг. Хандиваас өөр хэрэгтэй зардлаа бид өөрсдийн санхүүгээр зохицуулдаг.
-Яагаад “Хөөрхөн зулзага” гэдэг нэрийг өгөх болсон бэ?
-Манай эмээгийн нэрийг Зулзага гэдэг байсан. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад энэ энэ нэрийг өгсөн.
Уг амьтан асрах төвд олон нохой муур байдаг учраас үргэлж харуул хамгаалалт болон асрах эзэнтэй үйл ажиллагаа явуулдаг. Асрагчид өдөр бүр тогтмол цагт амьтдаа хооллож, биеийн байдлын харж, шаардлагатай дэглэмээр нохой муурнуудаа асрахын зэрэгцээ тэднийг сургадаг шинээр ирж буй амьтдаа хүлээн авдаг байна. Бид Хөөрхөн зулзага амьтан асрах газрын асрагч Н.Буяндэлгэртэй ярилцлаа.
-Амьтдаа өдөрт хэдэн удаа хооллодог вэ?
-Жижиг нохойнуудаа өдөрт хоёр удаа хооллодог. Том нохойнуудаа нэг удаа хооллоно. Муурандаа бол ус, хоолыг нь хангалттай тавьж өгдөг. Өөрсдөө идэж байгаад болиод дахин иддэг учраас ингэж хооллодог.
-Энд ирж байгаа нохой, муурнууд ихэвчлэн ямар шалтгааны улмаас ирж байна.
-Дайруулсан эсвэл зулзагалаад зулзаганууд нь хөлдөх гэж байсан эсвэл цус алдсан нохойнууд ирдэг.
-Асрах төвд ирсэн амьтдадаа нэр өгдөг үү?
-Мууранд өгөх нэр бол ховор байдаг. Нохойнууд бүгд нэртэй. Зарим хүмүүс "17 дээр дайруулсан байсан. Эмчлүүлээд аваад ирлээ" гэж хэлээд авчирч өгдөг. Тэгэхээр нь нөгөө нохойд нь 17 гэж нэр өгдөг. Энэ Тахилтад дайруулсан байсан гээд авч ирвэл Тахилт гэж нэр өгдөг. Нохойнууд бол бараг бүгд нэртэй. Харин мууранд бол өгөх нэр олдоггүй юм. Цөөн хэд нь л нэртэй байгаа.
-Эдгэрсэн муур, нохойнуудаа хүнд үрчлүүлдэг гэж сонссон. Хүмүүс их авдаг уу?
-Муурнуудыг бол нэг үе их авдаг байсан. Хүүхдийн төрсөн өдөр, Шалгалтнд тэнцсэнд нь баяр хүргэж өгөх гэж байгаа гэхчлэн. Сэлэнгэд нэг хүүхдийн хамрыг муур идсэн гэдэг сенсаци гарсан. Тэр үед манайд ирэх муурын тоо огцом өссөн. Тэрнээс хойш муур их ховор үрчлэгдсэн.
-Амьтдаа хүнд үрчлүүлэхдээ шаардлага тавьдаг уу?
-Хүн муур, нохой үрчилж авахаар ирвэл эзэнгүй хашаа мануулаад хоол ундгүй хаяж болохгүй. Эзэнтэй байх ёстой, хоолыг нь өгдөг байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Паспортын зургийг нь дараад, утасны дугаарыг нь авч үргэлж холбоотой байдаг. Манай нохой яаж байна гэж асуудаг. Болохгүй байвал буцаагаад аваад ирээрэй гэж хэлээд явуулдаг.
-Үрчлүүлсэн муур нохойнууд нь буцаж ирэх эсвэл хаягдаж үрэгдэх тохиолдол гарч байсан уу?
-Манай нэг муурыг гудамжинд гаргаад орхисон байсан. Тэр муурыг манай фэйсбүүк дээр амьтдын маань бичлэгийг үздэг хүмүүс таньдаг болсон. Нямдорж гэдэг муур байгаа. Одоо энд байгаа хацар дээрээ мэнгэтэй. Үрчилж авсан хүмүүс нь утсаа ч авахгүй байсан. Өөр бас хоёр муур буцаагдаж байсан. Тэжээж чадахгүй болбол буцаагаад аваад ирж байх хэрэгтэй. Тэр хоёрыг үнэнээ хэлээд авчирч өгсөнд нь баярлаад л авсан.
-Хувь хүмүүс нохой, муураа авчирч орхих тохиолдол байдаг уу?
-Байгаа.Саяхан долоон жижиг гөлөг зулзага жимсний хайрцаганд хийгээд манай хаалган дээр тавьж орхисон байсан. Тэр явдлын өмнө гөлөгийг нь эхтэйн хамт уясан гинжтэй нохой манай үүдэнд орхиод явсан байсан.
-Танайх асрах газартаа авч ирж байгаа амьтдын авахдаа тавих шаардлага байдаг уу? Нохойгоо орхиод явдаг хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч.
-Манайх өвдсөн, зовсон муур нохой хүлээж авдаг. Хэрвээ өөрсдөө муур, нохойгоо асарч чадахгүй байгаа бол манайд хандаж албан ёсоор ирж уулзаад хүлээлгэж өгөх ёстой байдаг.
Сонирхуулахад, “Хөөрхөн зулзага” амьтан асрах төвийн бүх амьтад шаардлагатай бүх вакцинууддаа хамрагдсан. Зан авирын ямар ч доголдолгүй байдаг. Мөн үнэ төлбөргүй. зөвхөн үрчилж авсан муур, нохойгоо гэр бүлийн нэг гишүүн шиг хайрлаж сайн эзэн байх шаардлага тавьдаг байна. Тус байгууллага амьтдад хайртай иргэдэд үргэлж нээлттэй аж.